Үүрэн операторууд үнэхээр урамшуулал зарладаг гэж үү?


Хаашаа л харна урамшууллын самбарууд өлгөөстэй. Үүрэн операторууд хоорондоо үнэхээр өрсөлдөж байгаа бололтой. Ийм ч дата, нэгж. Тийм ч бэлэг, шинэ дугаар. Гэхдээ бүгд үнэтэй. Тэгсэн мөртлөө тэрийгээ бэлэг гэж нэрлэх дуртай.

Мобиком гэхэд л хэрэглэгчдээ 4000₮-өөр 3GB датаг 2 удаа худалдаж аваад нэмэлт эрх өгнө гэсэн юм билээ. Скайтел бол хэрэглэгчдээ 5000₮ – 15000₮-ийн карт худалдаж аваад, 20GB ДАТА, 50000 нэгжээс сонгоорой гэж зарласан.  

Харин Юнител “Аялах бүрд дата бэлэгтэй” гэх их л сүржин урамшуулал зарласан байх юм. Тэднийх энэ зун аялах хүн бүрд 1KM=1MB дата үнэгүй бэлэглэж байгаа юм байна. Яах вэ, хэрэглэгчээс төлбөр мөнгө гарахгүй юм даа.

Ер нь манайхан өөрөөс нь хэдий хэмжээний төлбөр гарч, юунд зарцуулж байгаагаа тэгж их тооцдоггүй зантай. Урамшуулал, хямдрал, бэлэг гэж дуугарах бизнес эрхлэгчдийн заль мэхэд хууртсаар л байдаг нь үнэн. Саяхан комедиан Идэрээ энэ талаар нэг пост оруулсан байна лээ.

“100 долларын пүүзийг 25% хямдрал дээр нь авчихсан бол… Чи 25 доллар хэмнэчихлээ гэсэн үг биш. Харин чи 75 доллар үрчихлээ гэсэн үг”

Ердөө л энэ шүү дээ манайхаан. Үнэгүй “юм” л бэлэг болохоос үнэтэй бэлэг гэж байхгүйг санаарай даа.