Мэргэжлийн бус байх эрхгүй У.Хүрэлсүхийн танхимын таамаг


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “өөрөө” байгуулах  Засгийн Газрын шинэ сайдууд хэн байх вэ гэдэг нь олон нийтэд ч, улс төрийн хүрээлэлд ч ихээхэн сонирхолтой сэдэв болоод буй. Өөрөө гэж тодотгохын учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий Сайд болоод зогсохгүй, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй болсон юм. 

Мөн сайдуудыг томилохтой холбоотой нэг шинэ заалт мөрдөгдөж эхэлсэн нь Засгийн Газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-аас томилогдох эрхтэй буюу давхар дээлтэй байж болно.

Дээл гэж ярьсных УИХ-ын гишүүний суудал бол энгийн цэмбэн тэрлэг, сайдын суудал бол торгон дээл юм уу даа. Торгон дээл өмсөхийг хүсэгч буюу сайдын суудалд горьлогч  УИХ дахь МАН-ын 60 гишүүн дотор олон бий. 60 гэдэг нь У.Хүрэлсүх болон Ж.Эрдэнэбат нарыг хасч толоод шүү дээ.  Гэхдээ тэр 60 гишүүний ердөө л дөрөв нь л цэмбэн тэрлэгнийхээ гадуур торгон дээл өмсөх эрхтэй. Хэнийг нь гомдоох вэ, хэнийг нь баярлуулах вэ, намын гишүүдийнхээ эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ухаанаа хэрхэн шатаахаас хамаарах хэрэг.

Түүнчлэн гаднаас оруулж ирэх сайдуудаа ч тухайн салбарт ажилласан туршлага, ур чадвар, олны таашаалт нийцэх дүр төрх, намдаа хүчин зүтгэсэн байдал зэргийг нь харгалзах сонгох учраас бас л ухаан уралдуулах ажил.

Чухамдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрч буй энэ өдрүүдэд ойрын жилүүдийн карьерийнхаа зураг төөргийг өөрөө зураглаж байна.

Учир мэдэх хүмүүсийн таамаг, У.Хүрэлсүхийн ойрын хүмүүсийн цухуйлгасан “шуум” зэргээс харвал Ерөнхий Сайд У.Хүрэлсүх танхимаа 14 яам, 17 сайдтай байхаар зураглажээ. Үүнийгээ ч Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн гэнэ.

Тухайлбал, Сангийн яам, ХЗДХЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЭМЯ, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байна. Ингэхээр Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, 14 яамыг хариуцсан сайд гээд Засгийн Газар нийт 17 сайтай байх нь.

                                             Харин сайдуудыг дараах байдлаар зурагласан “таамаг” байна

ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ улирна. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдоржийг улираах, эсхүл Х.Нямбаатарыг оруулж ирэхээр яригдаж байна. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг улираана. Эдийн засаг хүнд байгаа энэ үед сангийн сайдаа өөрчлөх нь тийм ч сайхан санаа биш гэж судлаачид үзэж байгаа учраас тэр байх. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлээс гадна Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд асан Т.Хүрэлбаатарын нэр яригдаж байна. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг улираах, эсхүл Я.Содбаатар, “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн захирал Б.Ганхуягийг оруулж ирэх таамаг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбатыг улираах, эсхүл хуучин сайд Д.Оюунхоролыг “нахиулах” гэнэ. Харин Гадаад харилцааны сайдад Д.Зоригт, Батлан хамгаалын сайдад Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайдад “Эрдэс монгол”ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар одоогоор өрсөлдөгчгүй, нэгээр гарч ирэхээр яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд М.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, дэд сайдад нэр дэвшиж байсан М.Батбаяр нарын нэр У.Хүрэлсүхийн зураглалд багтжээ. ХХААХҮ-ийн сайдад Д.Тэрбишдагва, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал таамагт “өнгөлж” явна. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдад Ө.Энхтүвшингийн нэр ганцаараа яригдаж байна. Харин Соёлын сайдад дэд сайд Г.Ганбаяр, найруулагч Н.Наранбаатар, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарыг салбар дотроос нь “сугалах”-аар яригдаж байна.

Бүтэн зураглалаар нь харвал улираах болон шинээр томилогдох сайдуудыг энэ салбарыг удирдаж байсан туршлагатай, мөн тухайн салбарын хүмүүс гэдгийг нь харгалзан таамагт багтаажээ. Энэ нь ч аргагүй биз. Сайдуудын томилгооны араас “мэргэжлийн бус” гэх тогтсон хэллэгтэй шүүмжлэл үргэлж гардаг. Харин энэ удаад тийм шүүмжлэл, тийм давлагааг бий болгох эрх У.Хүрэлсүхэд байхгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хямралаас шалтгаалж, хаа хаанаа,аль аль салбартаа ажлаа “гялалзуулах” шаардлага гарч байна. Тиймээс салбараа удирдаж чаддаг сайдуудаа улираагаад цааш дөрөө харшуулах, чаддаггүйг нь тухайн салбарын мэдлэгтэй шинэ хүнээр солиод багтаа авах нь дан ганц У.Хүрэлсүхийн томилгоо ч бус нийгмийн шаардлага болчихоод байна. Мэдээж дээрх таамагт багтсан нэрсийн хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэлэлцэнэ. Тэд Хувийн, намын, нийгмийн ашиг сонирхлыг тунг нь тааруулж шингээгээд эцсийн нэрсийг гаргах биз. Үүнийг нь УИХ-аар хэлэлцэх учиртай. Шинэ сайдуудын асуудлын энэ долоо хоногт багтаан эцэслэнэ гэх мэдээлэлтэй байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН