С.Ганбаатар: Би их туршлагажсан тэмцэгч


УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн ээлжит сонгууль Эрдэнэт хотод тун өрсөлдөөнтэй болсныг эрдэнэтчүүдийг ирэх дөрвөн жилд төрд төлөөлөх эрхмүүдээс харж болохоор байна. Таны хувьд энэ удаагийн сонгуулийг юу гэж дүгнэх бол. Мөн өөртөө хэр итгэлтэй байв?

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль их хар сонгууль болсон. Ний нуугүй хэлэхэд би ийм хүнд, ширүүн сонгууль үзээгүй. Би Монголын Үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байлаа. Их л хүнд сонгууль болж байсан шиг санагдаж байна. Дарханд илүүрхэж ялж, дараа нь унаж ч байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэх том тэмцээнд оролцож ялсантай адилхан өрсөлдсөн. Тэр бүхнээс энэ удаагийн сонгууль илүү хүнд байлаа.

-Яагаад тэр билээ?

-Сонгуулийн сурталчилгааны дундуур цагдаа нар намайг барьж авах гэж хөөцөлдсөнөөс болж маш олон хоног сонгогчидтойгоо уулзаж чадаагүй.

“Эмнэлгээр орсон учраас чамайг сонгуулиас хасна” гэсэн булай юм ярьж байгаа юм. Нөгөөдүүл чинь Улаанбаатарт байх эмнэлгүүдээр бүгд л орж, эмч нартай уулзсан биз дээ. Би өөрийнхөө тухай иймэрхүү байдлаар ярих жаахан дургүй хүн.

Ер нь энэ сонгууль хүнд сонгууль болсон шүү гэдгийг л хэлье. Хүний төлөө олон жил тэмцсэн, хүний төлөө гэдэг хүн өөрийнхөө тухай ярих үгүй ээ мөн их дургүй шүү. Энэ нь өөрийгөө доош хийсэн хэрэг л болно.

-Энэ удаагийн парламентын өнгө төрхийг хэрхэн харж байна вэ. Ер нь таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ямархуу байдлаар ажиллая гэж бодож байна вэ?

-С.Ганбаатартай парламент учраас сонирхолтой л байх болно. Ард түмний талд байна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд их хүчтэй сөрөг хүчин байна. Сөрөг хүчний дуу хоолой хэзээ ч багаддаггүй. Достоевский “Гар хөлийг нь боомилчихсон байсан ч хүн түмний төлөө гэсэн сэтгэлтэй бол ихийг хийж чадна” гэж хэлсэн байдаг шүү дээ. Үнэн миний талд байгаа. Гурван сая хүн, Монголын эрх ашиг, дээрээс нь сэтгүүл зүйн салбарын шударга ажилтнууд миний талд байгаа тохиолдолд маш ихийг хийж чадна. Би их туршлагажсан тэмцэгч.

-Зарим нэр дэвшигчид сонгуулийг хууль бус боллоо гэж шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ.

-Энэ талаар тодруулаач?

-Би нэгээр тасархай байсан. Мэрүүлсээр байгаад гурав дээр тогтсон. Би азтай байж болно. Гэхдээ маш эвгүй сонгууль болсон.

-Орхон аймаг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд албан ёсоор хотын статустай болсон. Үүнтэй холбоотой өөрчлөлт шинэчлэлүүд юу байх вэ. Та юу гэж харж байгаа бол?

-Орхон аймаг Эрдэнэт хот болсон. Хотын статустай болсноор бүрэн эрх нь арай илүү болно гэсэн үг. Хотын татвар гэж бий болгодог. Татварын бодлого боловсруулдаг. Дээрээс нь эдийн засаг, ажлын байрны бодлогоо боловсруулдаг. Энэ утгаараа Эрдэнэтийг хотын статустай болгосон явдал нь зүйтэй хэрэг. Гэхдээ хэдэн дарга нарыг статустай болгоогүй. Эрдэнэт хотын 106 мянган иргэний статус, эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн гэсэн үг.

Аймгийн гурван талт хэлэлцээр гэж бий. Үүнтэй адил Эрдэнэт хотын гурван талт хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн, хөдөлмөр эрхлэлтийн төлөөллийн байгууллага хоорондоо бүх төсөв, боломж, дүрэм журмаа ярих ёстой. Энэ бол гол гарц, басхүү миний ажлын арга барил байх юм. Энэ нь миний 16 жил хийсэн ажил. Үйлдвэрчний ерөнхийлөгч байхдаа би ингэж л ажилласан.

Энд л гэж хэлэхэд УИХ-ын гишүүн болонгуутаа л гоё мөрөөдлийн юм яриад байдаг бол ноцтой. Хүн юу ч мөрөөдөж, юу ч хүсч болно л доо. Гэхдээ 16 жилийн турш би Дубайн гэрээ, Оюу толгойн гэрээ, цалин, тэтгэврийн хэлэлцээр, улсын гурван талт хэлэлцээр гэсээр үүнийгээ Эрдэнэтэд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь их сонсголонтой, илүү бодитой байх магадлалтай. Мэдээж хичээл зүтгэл их орно, саад ч байна. Гэлээ ч би хотын иргэдийг эрх мэдэлтэй болохын төлөө ажиллана.

-Эрдэнэтчүүд танаас юуг шийдээсэй, ямар өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байв?

-Орон сууц, ажлын байр, төрийн хүнд суртал, банкны хүүг буулгах гэсэн дөрвөн гол асуудалд эрдэнэтчүүдийн санал хүсэлт зангилагдаж байгаа. Үүнийг хийх гол арга зам нь иргэдийг эрх мэдэлтэй болгож, иргэдийн оролцоог нэмэх явдал. Тэгэхгүй бол иргэд өөрөө өөрсдөөсөө хулгай хийдэг байхгүй юу. Сайхан сэтгэлтэй, бурхан шиг дарга гарч ирлээ ч гэсэн түүний хажууд булган шуба авахыг хүсэж байгаа эхнэр байж л байгаа. Ийм аюул байдаг учраас иргэд өөрсдөдөө итгэх ёстой.

-Өмнөх парламентын Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүд хоорондоо төдийлөн нэгдэж чадаагүйг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ удаад дээрх жишиг эвдэгдэж чадах уу?

-Би хамгийн түрүүнд хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Би Эрдэнэтийн ард түмний төлөө, хийж бүтээе гэж зориж байгаа зүйлийнхээ төлөө чөтгөртэй ч хамаагүй нийлэх болно. Харин тэд тендэр шахаж, шударга бус явдлын үзүүр л цухуйлгах юм бол би тэдэнтэй тэмцэнэ. Тэмцэхээс ч өөр яах билээ. Тэр үед та нар биднийг эв нэгдэлгүй байлаа гэж зэмлэж болохгүй. Эв нэгдэлгүй байхаас өөр аргагүй нөхцөл байдаг шүү дээ. Хүлээн зөвшөөрч, буулт хийж болдоггүй үнэт зүйл гэж бидэнд бий.

Өнөөдөр Ганбаатарыг маш их хэрүүлч, заргалдагч гэж муулдаг, сайлдаг л юм. Гэхдээ өөрийнхөө төлөө нэг ч зүйлийг ярьж байгаагүй юм шүү. Оюу толгой, Дубайн гэрээн дээр хүнтэй эвтэй байх үндэс надад байхгүй.

-2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвших үү?

-Би нэр дэвшихгүй. Миний хувьд амласан санаж, бодож байгаа зүйлээ Эрдэнэтэд хэрэгжүүлнэ. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг би алгасна. Гэхдээ би хэзээ нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно.

-Тэгвэл намаасаа хэн нэгнийг дэвшүүлж таарах байх. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихүйц хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Манай намд Ерөн-хийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр чадварлаг, хүчтэй боловсон хүчин олон бий.

Эх сурвалж: Өдрийн сонин