Ш.Гантулга: Нийгмийн ялзралаас салах хамгийн үр дүнтэй арга нь үндэсний эрх ашгаас урвагсдыг цаазлах явдал


Цаазаар авах ялыг сэргээх тухайд 

Намайг цаазаар авах тухай ярихад дэмждэг нь ч бий, эсэргүүцдэг нь ч бий. Гэхдээ өнөөдрийн энэ ялзарч доройтсон бусармаг нийгмийг халъя л гэж байгаа бол бидэнд өөр сонголт байхгүй. Цаазаар авах ялыг халснаас болж захын хулгайч, луйварчид эх орон, газар нутаг, үндэсний аюулгүй байдлаар тоглодог боллоо. Учир нь тэдний ганц айж эмээдэг зүйл нь байхгүй болчихсон. Үнэндээ энэ хулгайч, луйварчид чинь нийгмийн хамгийн аймхай хэсэг нь юм.  Тэд айдгаа авдартаа хийж чадсан учир галзуурч байгаа юм. Шударга ёс тогтсон нийгэмд тэд үнэндээ хэн ч биш, туулайн зүрхтэнүүд юм. 

Хэн өнөөдөр цаазаар авах ялыг эсэргүүцдэг вэ? Хулгайч, луйварчид, улсын хөрөнгөнөөс шамшигдуулагчид, гадныхантай нийлж эх орон, газар нутгаа тонон дээрэмдэгчид, урвагч нар үүнийг эсэргүүцдэг. Тэд хүний эрх ярьж өөрсдийгөө зөвтгөж, хамгаалахыг чармайдаг.

Уучлаарай, үндэсний эрх ашгаас  давсан хүний эрх гэж байх ёсгүй. Түүхэндээ ч дандаа тийм байж ирсэн. Уул дагасан ус, ус дагасан мод, удам дагасан бэлчээр гуравт дураар халдагсдыг өчиггүй цаазал гэсэн их хааны маань ч зарлиг бий. 

Төрийн болон нийтийн хөрөнгөнөөс завшигчдыг шийтгэх хамгийн үр дүнтэй арга бол хөрөнгийг нь хурааж шоронд хорих, цаазаар авах юм. Авилгал, ашиг сонирхол, албан тушаалын хэргийг зөвхөн шоронд хорьж шийтгэснээр таслан зогсоох боломжгүй. Хөрөнгийг нь хурааж шоронд хорьсон ч төрөөс өс авах бүлэглэл шоронд үүсэх боломжтой. Тэгэхлээр нийгмийн энэ ялзрал доройтлоос салах хамгийн сайн үр дүнтэй арга нь үндэсний эрх ашгаас урвагсдыг цаазлах явдал юм. Төрөөс хулгай хийж болдоггүйг нийтээрээ ухамсарлаж, жигшиж байж л авилга, албан тушаалын хэргүүдийг таслан зогсоож, нийгэмд эмх цэгц тогтоож чадна. Та шударга иргэн мөн л юм бол миний ярьж байгаа зүйлийг сэтгэлийн гүндээ дэмжиж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Үүнийг хийж байж л нийгэмд шударга ёс тогтоно. Цаазаар авах ял бол ямар нэгэн харгислалын асуудал биш. Энэ нь нийгэмд эмх цэгц, дэг журам тогтоох хамгийн чухал хөшүүрэг юм. Хэлж, тунхаглаад байгаа нь би болохоос биш ард түмний дийлэнх олонх нь (шударга хэсэг нь) үүнийг хүсэж байгаа гэдэгт би гүнээ итгэж байна. 

 Улс төрийн тоймч Ш. Гантулга