50 сая төгрөгөөр шантааж хийсэн Х.Бат-Ялалтад шүүхээс 15 сая төгрөгөөр торгох ял оноов


Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан Х.Бат-Ялалтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.04.20-ны өдөр хүлээн авч, 2020 07.24-ны өдөр шүүх хуралдаан хийж шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 360 мянган төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэргийг эргэн сануулвал, өнгөрөгч 2016 оны сонгуулиар хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нарт “Монос”-ын Л.Эрдэнэчимэг “Насны зээл” болох 50 сая төгрөгийг авахгүй хэмээн тэдний утсанд мессэж илгээн дансанд нь мөнгө хийчихсэн тухай хэвлэлээр нэг шуугиж байсныг уншигч та санаж байгаа байх. Хуульч, сэтгүүлч хоёрын хувьд 50 сая төгрөг гэдэг бага мөнгө биш, гэтэл микорфони, хуулийн гарын авлахаас өөр гайхуулах зүйлгүй эрхэм хоёр маань 50 сая төгрөгөөс татгалзан боодолтой мөнгө тавьж байгаад хэвлэлийн хурал зарлаж байсан билээ.