Архангай аймагт болсон аймшигт осолд өртсөн гэр бүлийн өрхийн тэргүүн Б нас баржээ


Архангай аймгийн “Цагаан даваа”-нд шатахуун тээвэрлэгч машин онхолдож шатсан зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Уг ослын улмаас 12 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тэдний дотор нэг гэр бүлийн долоон хүн байсан нь иргэн Б-ийн гэр бүл юм. 

ИргэнБ нь “SPS’ телевизийн ажилтан бөгөөд тус осолд гэр бүлээрээ өртөж 60-90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтай нь өрхийн тэргүүн буюу иргэн Б нь лхагва гарагт өөд болжээ. Түүний таван настай хүүхэд нь Архангай аймагт эмчлүүлж байхдаа эндсэн. Арван настай хүү нь мэс засалд хоёр удаа орсон ба биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Ээж нь буюу иргэн Ц өчигдөр хагалгаанд орсон. Мөн л хүнд байдалтай байгаа. Энэ ослоос улбаатай өвчтөнүүдийн бүгдийнх нь биеийн байдал хүнд байгаа. 13 настай охин болон нялх хүүхдийг мөн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.

Нялх хүүхдийн хувьд ээж нь тэвэрч байсан тулдаа харьцангуй бага түлэгдэлттэй үлдсэн гэж эмч нар мэдэгдсэн юм. Энэ төрлийн осолд биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүд хамгийн их хохирдог аж.

Ослын үеэр маш богино хугацаанд асар их хэмжээний гал гарсан бөгөөд тухайн үед хүмүүс зуны нимгэн хувцастай байсан учир галд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж эмч нар ярьсан юм.  Арьс бол хүний хамгаалах эрхтэн. Гэтэл биенийх нь дийлэнх хамгаалах эрхтэн түлэгдэж гэмтэхээр бактери хүний бие рүү шууд орох таатай орчин үүсдэг. Мөн арьс түлэгдсэний улмаас шингэний тэнцвэр алдагдаж дотор эрхтнүүдэд нөлөөлдөг, дархлалыг гэмтээдэг. 

Одоогийн байдлаар тус гэр бүлийн эмчилгээний зардалд 600 сая төгрөгийг зарцуулаад буй аж. Та сайхан сэтгэлийн гараа сунгаж талийгаач Б-ийн гэр бүлд туслахыг хүсвэл дараах хандивын данснууд руу мөнгө шилжүүлэх боломжтой юм.

Хандивын данс: Очбаярын Цэнгэл

Хаан Банк – 5021715838
Голомт банк – 2205040025
Худалдаа Хөгжлийн Банк – 472008534

Холбогдох утас: 95452112