‘EAST’ төвийн суурин дээр ‘Бат цагаан’ шорон байжээ


Арван гуравдугаар хорооллын автобусны буудлын  өмнө байрлах “EAST” төвийг мэдэхгүй хүн үгүй. Тус байшин шатаад 8 жилийг ардаа үдлээ.

Нийслэлийн Газрын албанаас тус барилгын газрын эзэмшлийг тодруулахад “East” төвийн газар нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн “Тед мед” ХХК-ийн эзэмшилд байгаа” гэсэн юм.

Хэдийгээр хувийн өмчийг хэрхэн ашиглах, ямар байлгах нь тухайн хүний мэдэх асуудал ч нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй шатсан барилгыг тэр хэвээр нь олон жил байлгаж, төлбөртэй зогсоол болгон ашиглах нь зөв үү? Шатсан барилга хэзээ өнгө нэмэх вэ?

Энэ байшингийн суурь дээр Манжийн төрийн үеийн “Бат цагаан” гэх нэртэй шорон байсан гэгддэг.

Харин Манжийн төрөөс уг шоронд “гүн” цол шагнаснаас хойш “Бат гүн” хэмээн нэрлэх болсон аж.  Манжийн төрийн халааг авсан, Богдын төрийн үед ч уг байшинг яг шоронг зориулалтаар нь ашиглаж байжээ.

Ерөнхийдөө одоогийн Баянзүрх захын орчим Манж чин улсын Нийслэл хүрээн дэх шорон байсан аж. Тус газар Манжийн хууль хэрэгжиж, Монголын олон зуун шударга ард, шилийн сайн эрчүүдийг эрүүдэн шүүж байсан түүхтэй.  Мүглэн хэмээх ганц хүний шорон, хүзүүнд углан цоожилдог явуулын шорон ч байжээ.

Жанжин Д.Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдин гэгч энэ шоронд 11 жил хуяг, хуяг нарын ерөнхий даамлаар ажиллаж байсан түүхтэй. Мөн 1920 онд энэ нүхэн шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай ван Дамдинсүрэнг хорьж байжээ. Манлай баатар Дамдинсүрэн “би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй.

Уг шоронтой холбоотой дуу ч төрөөд амжжээ.

Шар хадны энгэр дээр нь
Шар солонго татаад байна
Шар уурагаа шимүүлж өсгөсөн 
Эхийгээ бодоход санаа сэтгэл минь дэн дун гэх  мэт үгтэй дуу бий.  Энэ дууны түүхийг сөхвөөс цаазын ялтай хүнийг Бат гүн шоронгоос Шар хад руу буудахаар авч явах үед зохион дуулсан дуу гэдэг.

Хожим нь Ардын Засгийн үед ч уг шоронг ашигласаар л  байсан аж. 
Тухайлбал,  анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан, хилс хэрэгт хэлмэгдсэн Ёнзон хамба, Тайж Рэгдэндагва, Жинон Ван Ширнэндамдин зэрэг язгууртнуудыг ч энд хорьж тамлаж, эрүүдэн шүүсний эцэст Шар Хаданд аваачин бууджээ. Мөн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг мөн л энд хорьж байсан гэх.

Тэр үеийн хүмүүсийн яриагаар хоригдлууд бөөсөнд баригдаж үхэж байсан агаад уг шоронгийн хашаанд газар шороо нь ч бөөстөж,  шороо нь хөдлөж байгаа мэт бөөс язганаж байсан гэдэг. Хожим сүүлд Ардын засаг хотоос зайдуу газарт шинэ шорон олныг барьсан тул уг байшинг Шоронгийн зориулалтаар ашиглахаа больжээ.

Мөн Нийслэл хотын комендантын чөлөөгүй явсан цэргүүдийг хорьдог газар болсон байна.  Гэвч сүүлд тэр байшинг бэлгийн замын халдварт өвчинтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэг болгон ашиглаж байв.
Тодруулбал, яр тэмбүү, бас бус өвчтэй хүмүүсийг албадан хэвтүүлж, эмчилж байжээ. Хожим нь тус эмнэлгээ нүүлгэн өөр байшинд оруулсан байна. Ингээд Бат гүн шорон нэг хэсэг эзэнгүй шахуу байв. Гэтэл гэнэт гал гарч Бат гүн шорон шатсан байна. Бүүр тодруулбал анх тус балгасны суурин дээр 1943 онд одоогийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 402 дүгээр хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг нь төв лагерийн эмнэлэг нэртэйгээр 35 ортой үүсгэн байгуулагдсан байна. 1948 оноос Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг болон өөрчлөгдөж 45 ортой болсон, 1966 онд Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг нь одоогийн Туул Жин Пангийн суурийн дээр Улаан байшин гэдэг газар 50 ортой болж байрласан аж.

1990-ээд оны дундуур яг тэр суурийн дээр нь, ялимгүй өнцөгдүүлэн одоогийн энэ байшин буюу “EAST” төвийг барьсан байна. Тухайн үед казино ч байсан гэж хүмүүс ярьдаг.

Ингээд нэг их удсангүй уг байшин 2011 оны нэгдүгээр сарын үеэр шатаж ийн балгас болсон түүхтэй.  Тус төвд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, бар, ресторан, караоке гээд олон байгууллагууд байсан бөгөөд тухайн үед  тус төвд нүүж ороод удаагүй байсан барны хэсгээс гал гарсан байна.  Тус түймрийн утаа Зүүн дөрвөн зам орчмыг битүү бүрхээд байсан юм.

Тус газрын эзэн нь Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийнх байсан гэх яриа ч газар авч байлаа.

Ямартай ч түүхийн мөчлөгүүдэд энэ балгасны суурь дээр сайн сайхан зүйлүүд болоогүй аж. Хотын өнгө төрхийг гутаасан энэхүү балгасыг хэрхэх юм бол доо. Дуудлага худалдаа зэргээр газрыг нь зарлаа ч зориг гарган худалдаж авах нь хэн л бол.