Стивен Сигал: Улаанбаатар яг там шиг…


Америкийн алдарт жүжигчин, ОХУ-ын иргэн Стивен Сигал өнгөрсөн долоо хоногт Буриад улсаар аялжээ. Долоо хоногийн хугацаатай хийсэн аяллынхаа үеэр тэрбээр Иволгийн дацанд айлчлан, Байгал нуур үзэн, Улаан-Үд хотоор зочилсон байна. Тэрбээр буцахын өмнө Восток Телеинформд ярилцлага өгснийг хүргэе.

Та Буриадад долоо хоног зочиллоо. Энэ аяллаас хамгийн гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн мөчүүдийг хуваалцаач…

-Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн газар нь Байгал нуур байлаа. Хүмүүс Байгал нуурын тухай их ярьдаг, энэ бол дэлхийн хамгийн том цэнгэг нуур. Гэхдээ тэнд очвол энэ нь зөвхөн нуур гэдгээс илүү зүйл гэдгийг ойлгоно. Энэ нуур манай гаригийн цэвэр усны нөөцийн 25 хувийг хангадаг. Түүнээс гадна Байгал нуур далдын хүчийг өөртөө агуулж байдаг. Үүнийг юу ч гэж хэлмээр юм, та бүхэн өөрсдөө тэнд очоод л мэдэрнэ.

Та найз нөхөд, төрөл төрөгсдөө Буриад руу уримаар санагдсан уу? 

-Байгал нууран дээр авчрахаар олон хүн миний хүрээлэлд бий. Би хүмүүст Байгал нуурын тухай ярьж, цаашлаад хүмүүсийг нааш нь авчирна. Нааш ирүүлэхийн тулд ятгах шаардлагагүй. Байгал нуур болон энэ газар ямар агуу гэдгийг ярихад л хангалттай. Чингис хаан энэ газарт ирж сэтгэлийн хүчээ нөхдөг байсан гэж хүмүүс надад хэлсэн. Та энэ талаар сонсож байсан уу? Итгэхэд бэрх, гэхдээ би итгэж байна. 

Буриадыг өмнө нь очиж байсан газар оронтой зүйрлээч гэвэл ямар нутагтай зүйрлэх вэ? 

-Миний хувьд Буриад Монголтой маш адилхан, хэрнээ огт өөр. Танай орон улс төржих нь бага, энэ тал дээр уур амьсгал цэвэр юм шиг надад санагдсан. Би энд өвөл байгаагүй, учир нь их хүйтэн бүс нутаг шүү дээ, мөн өвөл хотууд нь их цэвэр байдаг юм шиг санагдсан.

Харин та нар өвлийн улиралд Улаанбаатар руу очвол, энэ нь яг л там руу аялж байгаа мэт санагдана. Тэнд маш бохир, муухай үнэртэй. Улаанбаатарт шатаж болох бүх л зүйлийг шатаадаг, тэнд байгаль орчин, орчны бохирдолд тавих хяналт гэж байхгүй. 

Буриадад огт өөр. Хот бүр нь хүнийг татах өөр өөрсдийн онцлогтой гэдэгт итгэлтэй байна. Би энд хүссэнээрээ тайван байлаа. Үнэнийг хэлэхэд би хэвлэлийнхэнд дургүй, ярилцлага өгөх ч дургүй. Янз бүрийн цуу яриа дэлхийгээр нэг тараадаг хүмүүстэй ярилцах нь надад таалагддаггүй. 

Эмээ, өвөө маань надад ярьж байсан газарт очихын тулд би энд ирсэн. Би Байгал нуур болон энэ нутагт ирэхийг үргэлжид хүсч байлаа. 

Г.Бямбасүрэн

shuud.m