9-р сарын 1-нээс хичээл орвол өдөрт 3-4 цаг хичээллэнэ


Коронавирусний эрсдэл өндөр байгаа ч халдварын тархалтыг дотооддоо алдаагүй учраас ирэх 9-р сард цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх чиглэл өгсөн бөгөөд энэ сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрээр баталгаажуулах юм.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан тодорхой зохицуулалтууд хийх бөгөөд энэ талаар Улсын онцгой комиссын мэдээллээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Түүнчлэн энэ шийдвэрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ковид-19” цар тахлын үед хичээл орох хэд хэдэн хувилбарыг боловсруулан Шадар сайдад танилцуулаад байгаа аж. Үүнд сургуулиудын танхимын хичээллэх хугацааг багасгах гэх мэт арга хэмжээ багтжээ.

Тус боловсруулсан хувилбарт:

  • Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн заримыг нь наймдугаар сарын 15, заримыг нь есдүгээр сарын 1, аравдугаар сар 1 гэсэн дарааллаар ангилж оруулах
  • Гол хичээлүүдийг танхимаар, бусад хичээлийг цахимаар орох
  • Өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулсан байна.