Нямдоржийн Анхбаяр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болжээ


Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилжээ.

Н.Анхбаяр өмнө нь ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Австралид суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь оруулж ирж байсан ч дэмжлэг авч чадаагүй билээ.

Улс төрд нөлөө бүхий аавынхаа дэмжлэгээр томоохон албан тушаал хашиж яваа гэж шүүмжлүүлдэг Н.Анхбаяр ийнхүү ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга боллоо. Н.Анхбаяр цөөнгүй удаа аавынхаа чихийг халууцуулсан удаатай.

Нямдоржийн Анхбаяр нь хуульч мэргэжилтэй, 2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж байсан байна. Харин 2007 оноос Гадаад харилцааны яам, дипломат албанд тасралтгүй 13 жил ажиллажээ. Тодруулбал, 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газар мэргэжилтэн, атташе, дэд захирлаар, 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар, 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар, 2016 оны сонгуулийн дараагаас ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Англи хэлний мэдлэгтэй юм байна.