Нялх хүүхдийг яагаад бүүвэйлж унтуулах ёстой вэ


Манай охин унтах гээд ирэхээрээ аашаа ёстой үзүүлж өгнө. Уг нь нойр нь хүрээд уйлаад байгаа хэрнээ унтана гэж байхгүй. Бөөн уйлаан болж байж нэг дарж авна. Гэхдээ хэдхэн минутын дараа сэрээд бархирч өгдөг. Яаж хүүхдээ бат бөх, тайван сайн унтуулах вэ гэх яриаг та ойр тойрныхоо хэн нэгнээс сонсож байсан биз ээ.

Тэгвэл Монголчууд эрт дээр үеэс одоо хүртэл нялх хүүхдээ саатуулан унтуулахдаа яруу сайхан хоолойгоор бүүвэйлж, эхийн зөөлөн цагаан гараар алгуурхан хөдөлгөж саатуулдаг байжээ. Монгол эх хүүхдээ өлгийдөж хөхүүлэн цатгасны дараа “бүүвэй, бүүвэй’-лэх нь хүүхдийг тайван унтахад хамгийн их нөлөөлдөг аж. Нялх хүүхдийг нэг ойгоос өнгөрснөөс хойш бүүвэйлэхэд үг нь олон болдог. Үүнийг “бүүбэйн үг буюу дуу’ гэж хэлэлцдэг байна. Олонхи “бүүвэйн дуунд’ монголын өвөрмөц байдалтай холбогдсон хүүхдийн хүмүүжлийн зүйлс орсон цөөхөн бадаг шүлэгтэй дууны үг бий. Бүүвэйн дууны үг хэдийгээр монголын орон нутгийн дотор янз бүр байдаг боловч, харин уг дууны ая төдий л олон янзтай биш, тухайлбал ардын аман зохиолын “бүүвэйн дууны’ ая гурав, дөрвөн янзаас хэтрэхгүй сонсогддог.

Нялх балчираасаа бүүвэйлүүлж өссөн хүүхэд үг зөөлөнтэй, хайр энхрийллэлийг мэдэж өсдөг байна. Ийнхүү хайр, энэрэл дунд өссөн хүүхэд багаасаа бусдыг хайрлан энэрч, амьтан, байгаль эхтэйгээ зөөлөн харьцдаг хэмээж иржээ.