Монгол ажилтны дөрвөн хүн тутмын нэг нь КОП байна. Та арай нэг нь биш биз дээ


КОП (COP – Cost Only Person) гэж хэн бэ?

КОП бол байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй боловч цалин авдаг ажилтан буюу хамгийн энгийнээр КОП буюу “цалингийн хүүдий”-нүүд гэж ойлгож болох юм байна.

Ялангуяа Монголын компаниудад КОП маш том асуудал болоод байгааг NPC Mandal -ийн судлаачид 2014 оны 2-р улирлаас хойш нийт 5000 гаруй хүнд бүтээмжийн судалгаа хийснээр тогтоожээ.

Ажилтан бүрийн бүтээмж, ажлын байрны шаардлагыг харьцуулан судалж үзэхэд дунджаар 4 ажилтан тутмын 1 нь КОП болох нь дээрх судалгааны дүнд тогтоогдсон байна.

КОП-с болж Монгол улс багадаа 1.500.000.000.000 төгрөгний алдагдал хүлээж байна.

Энэ тоог том зургаар нь харвал, нийт хөдөлмөр эрхэлж буй 900 мянган хүний (ҮСХ 2014) 200 мянга нь КОП байх магадлалтай. Улмаар эдгээрт төлж буй дундаж цалингаар бодвол улс орны эдийн засагт жилд 1.5 триллион төгрөгний хохирол учирч байна.

Өөрөөр хэлбэл 100 ажилтантай компанийн жилд КОП-д төлдөг үргүй зардал нь 150 сая төгрөг болж байна. Компаниуд хүний нөөцийн процессоо шинэчилснээр энэ зардлыг хэмнэж чадна. КОП олон хэлбэртэй байж болно.

Тухайлбал:

• Ажиллах хугацаандаа байгууллагынхаа хөгжил, дэвшилд нэмэр болохуйц санал санаачлага гаргаж байгаагүй, байгууллагын соёл болон удирдлагын арга барилд шүүмжлэлтэй хандаж, сэтгэл дундуур байдаг ч, цагаа бүртгүүлж цалингаа авсаар байдаг ажилтан.

• Ажилласан жил, хуримтлуулсан туршлагаа No1 гэж үзэж, шинэ залуу ажилтнуудыг зөвхөн өөрийнхөө арга барилын дор ажиллах шаардлага тавьдаг, шинэ, залуу ажилтны бүтээлч сэтгэлгээг няцаадаг, хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа хуваалцах дургүй ахлах болон удирдах ажилтан.

• Бизнесийн хөгжил, хурдацын талаар судалгаагүй, хуучин арга барилаар өөрчлөгдөж буй гадаад болон дотоод орчны нөхцлүүдэд хандаж, хувийн хөгжлийн гацалтанд орсон бүх түвшиний ажилтнууд … гэх мэт.

Businessman sleeping at desk

КОП маш олон төрлийн хор хөнөөлийг байгууллагад учруулж байдаг. Жишээ нь:

• Цалингийн үргүй зардал

• Оффис, талбайн ногдох зардал

• Компьютер, бусад хэрэглээний
зардал

• Алдагдсан боломж (хийх байсан ажил)

• Муу үлгэр дуурайлал

Харамсалтай нь, ихэнхдээ КОП-тойгоо эвлэрч, тэднийг явуулах чадамжгүй болсон байдал их байдаг бөгөөд энэ нь компанид зөвхөн мөнгөн зардал учруулаад зогсохгүй, компанийн соёлыг доройтуулж, идэвхийг сулруулдаг ажээ.

Бүтээмжгүй ажилтантай хэрхэн “тэмцэх” вэ?

Олон улсын туршлагаас харахад КОП-ыг багасгахын тулд Google, Netflix болон Black Hills Corp зэрэг томоохон компаниуд Шалгаруулалт – Чиглүүлэлт – Хөгжүүлэлт – Халалт гэсэн циклийг бүхэлд нь шинэчилж ажиллаж байна.

Хамгийн гол нь хүний нөөцийн алба КОП-н зардлыг байнга хэмжиж, захирлуудад тогтмол танилцуулж хэвшсэнээр дээд түвшинд асуудлыг анхааралдаа авах боломжтой болдог байна.

Байгууллагын ажилтанг хэрхэн бүтээмжтэй ажиллуулах вэ гэсэн асуултын хариултыг олон улсын сэтгэл судлал, шийдвэр гаргалт, эдийн засаг зэрэг шинжлэх ухааны салбаруудын судалгаанаас зан үйлийн өөрчлөлтөнд чиглүүлэх нь зөв юм гэсэн саналыг гаргасан байна.

Үүний тулд:

1. КОП-ыг багасгах хамгийн эхний алхам нь КОП-уудыг ажлын байран дээр очихоос нь өмнө таньж мэдэх явдал юм. Энэ тал дээр бид бүтээмжийг таамаглах сэтгэл зүйн тест хэрэглэх нь зүйтэй.

2. Зарим тохиолдолд бүтээмж өндөртэй ажилтнуудад хангалттай сайн чиглүүлэх хөтөлбөр байдаггүйгээс тэдний бүтээмж суларч идэвхгүй болдог. Тиймээс дараагийн алхам нь чиглүүлэх хөтөлбөрийг байгууллагын онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах шаардлага бий болж байна.

3. Эцэст нь ажилтнуудыг тасралтгүй хянаж, хэрэв КОП илэрсэн тохиолдолд маш хурдан арга хэмжээ авах дархлааг байгууллагад суулгах нь чухал. КОП-г явуулахгүй өнжсөн өдөр бүр компанид мөнгөн зардал гарч, алдагдсан боломж үүсч байдаг.

4. КОП ажилтнуудын нөлөөллөөр чадварлаг ажилтан ажилд орохоос татгалзах, тогтвор суурьшилтай ажиллахаас татгалзах үндсэн шалтгаан болж байгааг санах хэрэгтэй.

Иймд, КОП-уудыг эрт илрүүлж, түүнийг цааш “халдварлуулахгүй” байх нь соёлын дархлаа тогтох боломж юм.

Source: NPC MANDAL LLC