Johnson&Johnson компани вакцинаа сармагчнууд дээр туршжээ


Johnson & Johnson компанийн мэргэжилтнүүд өөрсдийн гарган авсан коронавирусний вакциныг сармагчнууд дээр туршиж, тус вакцин нь сармагчнуудыг халдварт өвчнөөс хамгаалж байгааг олж тогтоожээ.    

Эмнэлзүйн өмнөх туршилтын үеэр ийм үр дүн харуулсан талаар “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна. Нэг тун вакцин хэрэглэсний дараа дийлэнх макак-резус сармагчинд дархлаа тогтжээ.   Бэлдмэлийг АНУ, Бельгид хүмүүс дээр туршиж эхлээд байгаа тухайгаа компани дурдсан байна. Туршилтанд мянга орчим эрүүл сайн дурынхан оролцож байгаа аж.  Johnson & Johnson компанийн мэргэжилтнүүд туршилтын 3 дугаар үе шатыг 9 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

 Johnson & Johnson компанийн вакцин нь ганцхан тун байхад хангалттай гэдгээрээ сонирхол татаж байгаа юм. Сармагчингуудыг вируснээс хамгаалж байгааг харуулахын тулд ганцхан тун хангалттай байжээ. Зарим вакцины үйлчлэлийг батлахад хоёр тун шаардлагатай байдаг гэж Цагаан ордны коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч Дебора Биркс цохон тэмдэглэжээ.  

Э.Аянзаяа Эх сурвалж: Монцамэ агентлаг