Хутгагүй мэс засалч гэх гайхамшигт ургамлын эмчилгээний аргаас


Би багадаа даралттай битүү тогоонд дүүрэн шөлтэй хоол хийгээд хүчээр онгойлгож дэлбэлээд дөрвөн мөчөө өвч түлсэн. 13тай байсан санаж байна.

Маш гүнзгий, том талбайтай түлэгдэлт байсан. Эгчтэй ажилладаг орос мэргэжилтэн каланхое гэж тасалгааны ургамлын том том навч зулж боох арга хэлж өгч, би гэж хүн аврагдсан. Эгчийнд ийм ургамал томоо гээчийн ургасан байв. Навчийг угаар нь таслаж аваад ар талын хальсыг нь хуулж тэр хэсгээр нь шархан дээр шууд зулж тавина. Одоо гар хөлөн дээр сорви гэхээр юм бараг үлдээгүй. Намайг ну погодийгийн чоно шиг хөл гар нь битүү боолттой байхад эгчийнд хөдөөнөөс ирсэн хадам аав нь долоохон хоногийн дараа эдгэчихээд сагс тоглож явахыг хараад “чоно шиг эдгэдэг” гэж дуу алдаж байсан сан.

Цэврүүндээ их шингэн алдаж, бөөрний дутагдалд ордог гэсэн. Би тэр үед юугаа мэдэхэв. Түлэгдсэн газар тэр чигээрээ овойсон цэврүүнүүд. Боолт солих үед цэврүү хагараад тоссон том түмпэнд ус нь сар сархийж гоожиж байсан. Толгой эргээд босч сууж чадахгүй байсныг бодоход үнэхээр их шингэн алдсан байж. Хөл гарын хуруунууд хавдаж, завсраар нь хүртэл цэврүү үсэрсэн байсан. Баахан навч өвч зулуулаад боолтоо хийлгэчихээд хэвтэж байхдаа гарынхаа шууг үнэртэхэд эвгүй муухай үнэртэж огиудас хүрдэг сэн. Хоёр дахь хоног дээрээ түлэгдсэн арьсны өнгө чернилэн хөх ягаан болсон байсан. Тав дахь хоногоосоо боолтоо авч хаяж, ил байлгаж хатаасан.

Түлэгдсэн арьсны цаанаас улцан ягаан шинэ арьс цухуйхад ийм өнгөтэй арьстай болжээ, дүүрч гэж бодож байтал тэр зундаа эргээд бор болчихсон. Энэ ургамлын ид шид гэмээр гэж увьдастайг таньсан эгч маань “хутгагүй мэс засалч” гэж нэрлэж одоо болтол гэртээ байнга тарьж ургуулж, жижиг шарх, хатиг гарахад ч хэрэглэдэг гэсэн. Нэг ёсны манай гэрийнхний шүтээн болсон эмийн ургамал гэж болно. Kalanchoe Bryophyllum хэмээх латин нэртэй энэ ургамал навчнаас нь жижиг гөлөг гарч газар унаад ургадаг тул бодь модны өөрөө нөхөн үржих чанартай төстэй.

Германы алдарт эрдэмтэн Гете энэхүү ургамалд маш хайртай, гэртээ байнга ургуулж, ирсэн зочиддоо бэлгэлдэг байсан учир герман хэлтэнгүүд дунд “Гетегийн ургамал” гэж алдаршжээ. Мэдэж байхад илүүдэхгүй, хэн нэгний аминд орох ч билүү гэж бодож хуваалцлаа. Ялангуяа бага насны хүүхэд түлэгдэхэд бөөрний дутагдалд ордог гэж хүнээс дуулж байсан. Ийм энгийн сайн арга бэлээхэн байхад хэргэлэж мэдэхгүй хүүхдээ шарх сорвитой эдгэхэд хүргэж болохгүй шүү дээ.