Нүүдлийн гал тогоо ажиллуулан америкт буй монголчуудадаа тусалжээ


Маргааш буюу наймдугаар сарын 5-нд АНУ-аас МИАТ-ийн тусгай үүргийн онгоц АНУ-д гацсан монгол иргэдээ авчрах юм. Нислэгт багтсан иргэд энэ олон сарын хугацаанд мэдээж хэрэг санхүү болоод орон байрны асуудалд орсон учир онгоцны буудлын ойролцоох зочид буудал болон нисэх буудлын гадна нислэгээ хүлээн хоног төөрүүлж байгаа.

Тэгвэл АНУ-д 11 жил ажиллаж, амьдарч байгаа С.Мөнхмөр хэмээх залуу Сиатл хотын Такома нисэх буудлын ойролцоо нүүдлийн гал тогоо ажиллуулан монгол иргэддээ халуун цай, хоолоор тусалжээ.

Хэдийгээр тэрбээр өөрөө нислэгт багтаж чадаагүй ч нутаг нэгтнүүдэдээ гаргасан чин сэтгэл нь маш олон хүнээс магтаал, талархал хүлээгээд байгаа юм.

Тэрээр энэ талаараа ярихдаа, “Миний зүгээс гал тогооны бүх хэрэгсэл, материалыг нь бэлтгэж өгсөн. Нэг эгч тосох хүн, хоноглох газар байхгүй гэхээр нь гал тогоондоо авч ажиллуулсан юм. Тэгээд нислэгт багтсан нэг оюутан, бас нэг ах гээд нэг л мэдэхэд гал тогооны багтай болчихсон.  Бас хэдэн оюутан ойролцоо буудалд байрлаж байна гэхээр нь би ийм зүйл хийх гэж байна ахынхаа машиныг зогсоол дээр нь бүртгүүлчих гэсэн чинь зөвшөөрч бид ажлаа эхэлсэн. Энд байдаг бизнес эрхлэгчид их тус боллоо. Бууз хөлдөөж зардаг монголчууд байдаг юм. Тэд шөнөжингөө ажиллалаа гээд хөлдөөсөн банш авчирч өгсөн. Өнөөдөр 600 гаруй банш жигнэж, 60 литр цай чанасан байна. Би Америкт бүтэн цагийн ажилтай хүн шүү дээ. Тэгээд ажлаасаа ийм ажил хийх гэж байна гэхэд хэчнээн гадаад хүмүүс ч гэсэн намайг ойлгож чөлөө өгсөн. Дэлхийн олон улсуудад олон монголчууд гацсан байна. Бусад улс, хотуудад байдаг залуучууд бас санаачлагаараа ийм зүйл хийгээсэй хэмээн уриалж байна” гэлээ.