Найзыгаа эргэх гэж очоод тусгаарлалтад оржээ


Эрхэс зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр дөрвөн давхрын цонхоор хайрцагтай тамхи шидсэн бөгөөд түүнийг иргэн М, Б нар авсныг эргүүл хамгаалалтын албан хаагч нар илрүүлжээ. Хамгаалалтын байрнаас эд зүйл гаргаж мөн түүнийг авсан иргэд хавьталд орсон гэж үзсэн учир дээрх хоёр иргэнийг мөн тусгаарлалтад оруулах үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Түүнчлэн энэ сарын 5-нд Сиатл-Улаантбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, Монголика зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусийн шинжилгээ өгөхөөс татгалзсан зөрчил гаргасан байна.

Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдол бүртгэгджээ. Үүнд нийслэлд 161 орон нутагт 358 зөрчил бүртгэгдсэн байна. Ийнхүү зөрчил гаргасан иргэдийн тусгаарлах хугацаа дууссаны дараа Зөрчлийн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно гэв.