Эрэлийн Б.Эрдэнэбатыг долоон жилийн хорих ялаар шийтгэв


Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт:

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цагт товлосон байсан. Өчигдөр /2020.08.06/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүхээс түүнийг “Номин Холдинг” ХХК-ийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан хэмээн үзэж залилангийн үйлдэлд нь 5 жил, мөнгө угаасан үйлдэлд нь 2 жил, нийтдээ 7 жилийн хорих ял оноов.