ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮЗВЭЛ ТАНХИМЫН СУРГАЛТААС ТАТГАЛЗАЖ БОЛНО


Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Боловсролын байгууллагууд сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа гээд шат шатандаа урьдчилсан зохион байгуулалтуудыг хийж эхлээд байна. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт хүүхдүүдийн гуравны нэг буюу 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна” гэв.

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд яригддаг асуудал бол Улаанбаатар хотын түгжрэл. Мөн шилжилт хөдөлгөөн, түр оршин суугчидтайгаа нийлээд, хүн амын бөөгнөрөл жил бүр үүсдэг. Хэдийгээр энэ жилийн хувьд, орон нутгийн сонгуулиас үүдэн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас түр хязгаарласан ч түгжрэл, бөөгнөрөл одооноос эхлээд үүсч байна. Иймд  вирусын халдвараас үүдэлтэй хөл хорионы дэглэмийг баримтлан хичээлийн шинэ жилийн нээлтийг хийхдээ “Аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр шинэ менежментээр зохион байгуулахыг чиглэл болгоно. Харин Нийслэлийн хэмжээнд хичээл эхлэх цагт түгжрэл үүсгэдэг хэд хэдэн байршил, сургууль дээр хичээл эхлэх, завсарлах, тарах цагт ямар менежмент хийх санал авахаар Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Хэд хэдэн байршил, сургуульд энэ зохицуулалт хийгдэнэ” хэмээн БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлж байна. Мөн энд нэг зүйлийг онцлоход, цэцэрлэг, сургуулийн хичээл танхимын хэлбэрээр явагдаж, сургалтын үйл ажиллагаа хуучин хэвэндээ орсон ч “COVID-19”халдвар авахаас сэргийлж зарим эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд явуулахгүй гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлыг боловсролын байгууллагууд хэрхэн шийдвэрлэх талаар асууж сонирхвол “Эцэг, эхчүүд, ер нь хүн бүр тодорхой хэмжээний айдастай байгаа. Өдөр болгон мэдээллийн хөтөлбөрөөр вирусын халдварын талаар мэдээлж байна. Тиймээс аав, ээж нар үнэхээр эрсдэл дагуулна гэж үзэж байгаа бол хүүхдээ танхимын сургалтад явуулахгүйгээр зайнаас суралцуулах боломжийг нь олгоно. Тухайн хүүхэд зайнаас суралцаад, олж авсан мэдлэгээ бататгаад танхимаар хичээллэж буй сурагч нартай нэгэн адил дүнгээ тооцуулаад, явцаа дүгнүүлээд явах боломжийг олгож байгаа” гэдгийг БШУЯ-ны  ЕБС-ийн сургалт хариуцсан мэргэжилтнүүд хэлж байна.