“Дархлаагаа сайн дэмжвэл харшил хөдлөхгүй байх боломжтой”


Зуны улирал дуусах шатандаа орж байгаа ч өвс, ногооны харшил нь хөдөлсөн хүмүүс цөөнгүй байна. Тиймээс харшил өвчнөөс хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн арьс харшлын эмч Б.Жавзмаатай ярилцлаа.

-Зуны улиралд хүмүүсийн харшил их хөдөлдөг. Ялангуяа ургамал, ногооны харшил түгээмэл байх юм. Харшилтай болоход юу нөлөөлж байна вэ?

-Арьс, харшлын өвчин жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэр дундаа зуны улиралд шарилж, нарны харшил элбэг тохиолддог. Тухайлбал өвс ногоо ургах үеэр буюу таваас есдүгээр сарын хооронд үргэлжилнэ. Харшил өвчин нь хоол хүнстэй ихээхэн холбоотой. Мөн орчны эрүүл ахуй, хувь хүний суурь дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн өвчнөөс шалтгаалан үүсдэг гэж олон улсын судалгаанд дурдсан байдаг.

-Харшил нь бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Одоогийн байдлаар дэлхийд харшлыг бүрэн төгс эдгээх эмчилгээ гараагүй байна. Учир нь цусанд алегри гэдэг бодис үхмэл байдалтайгаар агуулагддаг ба буцаж сэдрэх нь элбэг байдаг.

-Ямар арга хэмжээ авч харшлыг сэдрээхгүй байх вэ?

-Ургамлын тоос ялгарахаас өмнө эмчилгээгээ хийлгэвэл харшил хөдөлсөн ч хөнгөн байдаг. Тиймээс бид урьдчилан сэргийлэхийн тулд нэн түрүүнд өвлийн улиралд дархлаагаа дэмжих шаардлагатай.

-Урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юу хийх хэрэгтэй вэ?

-Харшил нь удамшдаг өвчин. Тиймээс аав, ээж нь харшилтай, өөрийгөө харшилтай байх магадлалтай гэж үзвэл эмнэлэгт очиж сорил тавиулах хэрэгтэй. Энэ сорилоор юунаас харшилж буйгаа мэдэх боломжтой. Ингээд тоос шорооноос харшилтай байвал аль болох тоостой газраас зайлсхийх, угаалгын нунтаг, савангаас харшилдаг бол хүүхдийн зөөлөн саван ашиглах гэх мэт арга хэмжээ авч болно. Мөн харшил хөдөлсөн үед хоолны дэглэм сайн баримтлах хэрэгтэй. Хүмүүс хоол хүнсэнд ач холбогдол өгөхгүй, харшил нь хөдлөөд байхад хориглосон хүнсийг их хэрэглэдэг. Үүнээс улбаалан зовиурууд илүү мэдрэгдэж, хоолой боогдох хүртэл аюул учирдаг. Турах гэж байгаа, биед сайн гэх зэргээр лимон их хэрэглэх болсон. Энэ нь мэдээж харшлын урвалыг нэмэгдүүлдэг учраас харшилтай хүн хэрэглэхгүй байвал зохино.

-Сүүлийн үед гормоны эм тариаг харшлын эсрэг дур мэдэж их хэрэглэж байна. Энэ нь зөв үү?

-Дур мэдэж эм тариа хэрэглэснээс болж эмийн гаж нөлөө үүсдэг. Эмийн санч, хүмүүсийн дам яриагаар өөртөө эмчилгээ хийснээс болж улам хүндэрдэг. Сүүлийн үед өндөр даавар агуулсан дексан тариа ихээр тариулдаг болж. Энэхүү гормоны тариа нь тухайн үед шинж тэмдгийг түр хугацаанд бүдгэрүүлж өвчин эдгэсэн мэт болгож байгаа хэдий ч эргээд эсрэгээрээ илүү мэдрэмтгий, харшилд өртөмтгий болгож харшил өвчин сэдрээх шалтгаан болдог. Харшлын эм ууснаас нойр хүрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Удаан хугацаагаар буруу тунгаар удаан хэрэглэх нь бие махбодод нойрны алдагдалд орох зэрэг муу үр дагавартай учир зөв тунгаар эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Харшил их хөдлөөд ойрхон эмч байхгүй, зөвлөгөө авах боломжгүй тохиолдолд эмийн санд жоргүй олгодог хлорфинамин эмийг ууж, харшил төрүүлэгч хоол унднаас зайлсхийх нь харшлын оргил үед намжаах түр зуурын арга байж болно.

-Ямар нэгэн өвчин туссанаас шалтгаалж харшлын өвчтэй болох тохиолдол байдаг уу?

-Хүний дархлааны хамгийн анхны эрхтэн бол арьс байдаг. Арьс гэмтсэнээр тухайн хүний дархлаа муудсан гэж үздэг. Харшлын өвчин үндсэн суурь нь мэдрэлийн  шалтгаант өвчин, нойргүйдэл, стресс, бөөрний өвчин зэрэг өвчнөөс үүдэн хоёрдогчоор харшлын өвчин үүсдэг.

-Харшлын гаралтай арьсны өвчин нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн жилүүдэд чонон хөрвөс өвчин их гарах болсон. Энэ өвчин нь олон шалтгаантай. Шинжлэх ухаанаар нотлогдсон 10 гаруй үндсэн шалтгаан байдаг. Халуун, хүйтэн, хоол хүнс, эмийн буруу хэрэглээ, тэр дундаа өвчин намдаах, халуун буулгах эм буюу ибофропенаас гаралтай үүсч болдог.

-Хүүхдүүд харшилд их өртөж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Бага насны хүүхдүүдийн хувьд дархлаа сулрах тохиолдол элбэг байдаг. Ханиад томуу хүрсний дараа харшлын урвал идэвхтэй байдаг. Ханиад хүрч харшилтай болсон хүүхдүүд их ирдэг. Энэ үед ханиад томуугаа эхэлж эдгээгээд дараагаар нь харшил өвчнийг эмчлэх нь зүйтэй. Эмч нар харшилтай хүүхэд ханиад томуу хүрсэн үед сиропон эм бичиж өгөх нь бий. Хүүхэд эмнээс харшилж хордлого харшлын шоконд орвол амь нас нь эрсдэх ч аюултай. Эцэг эхчүүд дур мэдэн ханиадны эм, харшлын эмтэй хавсарч хэрэглэчихдэг. Энэ эмүүд хоорондоо харшилдаж эмийн буруу хэрэглээ үүсдэг.

-Энэ жилийн хувьд хүмүүс амралтаараа хөдөө их явж байгаа. Улмаар ялаа шумуулд хазуулснаас болж халуурах, загатнах шинж тэмдэг их илэрч байгаа гэсэн. Хазуулсан хэсгийг маажих үед яншсанаас болж маажуур гэх өвчин иргэдийн дунд их байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-3-4 жилийн өмнө тухайн хүнд суурь харшлын аллерги гэдэг бодис сэдэрч гаднаас нян бактеритай ялаа шумуул хазсанаас үүдэж энэ өвчнийг тусдаг. Үүнээс  ганцхан ялаа шумуулд хазуулснаас болж маажуур тусахгүй. Бие суларч, дархлаа муудаж, аливаа зүйлд мэдрэмтгий болж , харшлыг сэдэх бодис биед байгаагаас шалтгаалж тусах магадлал өндөр болно.