Алга болсон профайл зураг


Сэргэлэн, дандаа л инээж явдаг охин байлаа. Бүх зүйлийн манлайд бусдын төлөө гээд гүйж явдаг охин байлаа. Үргэлж л сайхан зүйл ярьж үдэш оройгүй цоглог явдаг охин байлаа. Бүх хүнд урам итгэл өгч бусад нь түүнээс үлгэр авдаг охин байлаа …

Нэг л өдөр. Нэг л өдөр тэр их л гундуу царайтай гудманд таарав. Ингэдгүйсэн дээ гээд зөрснөөс хойш эргэж уулзалгүй алга болов. Нүүр номын зураг нь дүргүй саарал болж нэг ч үг хэлэлгүй, хэнд ч юу ч ярилгүй зүгээр л усанд хаясан чулуу мэт хэдэн жил алга болов. Хаяа нэг хуучны танилуудтайгаа таарахаар хамгийн сайхнаар дурсчихаад л гайхшраад барахгүй таамаглан өнгөрдөг болов. Битүүхэн орон зайг нь үгүйлээд хүн амьтнаас суравч мэддэг хүн үгүй болов. Биднээс бүр мөсөн сураг тасрав …

Сүүлд, ихээ сүүлд учир мэдэх хүнээс сонсохнээ их л сайхан дурлаж хайртай хүнтэйгээ учирсан юм гэсээн. Их үдийн наран бүрэнхийтэй золгох үед амьдралын хань гэж бодсон хүн нь араатан болж хувиран хардах, харгислахын дон нь багны цаанаас илэрч АЛНА ШҮҮ ЧАМАЙГ гэж айлгаж сүрдүүлэн хорвоогийн бүх гэрлээс нуун сүүдэрт хорьж, сүүдэртэй нь хүртэл хардаж тамладаг ЧӨТГӨр байсан юм гэнэ. Хаяаааа нэг хаяа нэг тэр ҮХСЭН МЭТ аккаунт харанхуй шөнөөр асчихсан гэрэлтэж байх нь аврал эрж байна уу гэлтэй … Хүүхдээ гэсэн эхийн хайрыг нь давж чаддаг бол, хэтэрхий уужуу тэр их хайр хүлээснээс нь гаргаж чөтгөрийн тойргыг эртхэн ойлгуулж чаддаг бол аврах юмсан тэр хуучны танилуудаа, солих юмсан энэ зургийг зөвхөн инээмсэглэлээр … Арчиж хаях цаг ирнэ ээ, тэр араатнуудыг !

Ийм тохиолдол таны найзууд дунд ч гэсэн байгаа шүү, харанхуй шөнөөр хаяа нэг асах тэр гэрэл өөрөөс чинь, найзаасаа тусламж гуйсан чимээгүй дохио юм биш биз ? Та бид хүчирхийллийн хажуугаар аанай л бүлх залгисан мэт өнгөрөн олон ийм найзаа алдаж байгаа юм биш биз ? Аанай л … #ЧИМЭЭГҮЙЯРГАЛАЛЫГТАСЛАНЗОГСООЁ

Ч.Ганжавхлан