Б.Баяр: Нярай хүүхдийг памперстай олон цаг байлгавал бөгсөн хэсгээр нь хатиг гардаг


“La Salute” эмнэлгийн мэс заслын эмч Б.Баяртай хатиг, буглааны талаар ярилцлаа.


-Хатиг буглааны үүсч байгаа гол шалтгаан нь дархлаа сулрах, чанаргүй хоол хүнс, амин дэмийн дутагдал гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл үүнээс өөр хатиг буглаа гарах шалтгаан бий юү?

-Мэдээж тус өвчний тухай ярихын тулд хатигны талаарх ерөнхий ойлголтыг хүргэх нь зөв болов уу. Хатиг нь тодорхой нянгаар үүсгэгддэг арьсны буюу үсний хүүдий, тосны булчирхайн идээт үрэвсэлт өвчин. Ер нь гарын алга, хөлийн улнаас бусад биеийн бүхий л хэсэгт гарч болно. Эхлээд жижиг гөвдрүү мэт үүсгэвэр гарч улайх, өвдөх, хавдах, халуу дүүгэх шинж тэмдгээр эхэлдэг. Шалтгааны хувьд таны дурдсан дархлаа сулрах байж болно. Гэхдээ гол үүсгэгч бол нян буюу бактери юм. Мэргэжлийн хэллэгээр “Staphylococcus aureus” гэх нянгийн төрөл хамгийн элбэг тохиолддог. Энэ бактери нь хэвийн үед эрүүл хүний биеийн арьсны гадаргуу болон хамрын хөндийд байж байдаг. Харин дархлаа сулрах, эсвэл арьсанд ил гэмтэл учрах, шавжинд хазуулах гэх мэт үед арьс, өөхөн эд, тос болон үсний булчирхайд нэвтэрч өвчлөл үүсгэдэг. Тэгэхээр хатиг гарсан хүнтэй хамт амьдарч байгаа, чихрийн шижинтэй, батгашилт, экзем зэрэг арьсны өвчлөлтэй, дархлаа тогтолцоо, сэтгэцийн эмгэгтэй буюу өөртөө тавих анхаарал халамж сул хүмүүст илүүтэй тохиолдохоос гадна эмчилгээний хувьд илүү анхаарал шаарддаг л даа.

-Хатиг олон гарах нь буруу эмчилснээс болдог гэдэг. Манайхан дур мэдэж эм тариа хэрэглэх, гурилын гол тавих зэргээр эмчлэх гэж оролддог?

-Тийм шүү. Хатигийг зөв эмчлээгүйгээс болж олон дахин гардаг. Хатиг долоо дахидаг гэсэн явган яриа байдаг шүү дээ. Зөв эмчилж чадвал дахиж гарахгүй байх бүрэн боломжтой. Манайд эрүүл мэндийн боловсрол сул байгаа нь ажиглагддаг. Хатиг гараад маш олон хоночихсон, эмчид үзүүлэлгүй хүндэрсэн, тэр ч байтугай ам дамжин хатиган дээрээ гурил, хөөлгөгч зэргийг олон хоногоор тавьж боож байгаад хүндрээд ирдэг хүмүүс ч байна. Ер нь цаашдаа хүндэрвэл өөхөн эдийн тархмал буглаа, ясны үрэвсэл, үжил гэх мэт олон эрсдэл үүсдэг. Ялангуяа нярай, бага насны хүүхэд илүү хурдан хүндрэх эрсдэлтэй байдаг учраас мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн ч хатигийг дур мэдэн эмчлэлгүй заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Эмч хатигийг үнэлэн шаардлагатай тохиолдолд нянгийн шинжилгээ авдаг. Ямар нянгаар үүсгэгдсэнийг олж тогтоосноор эмчилгээний арга барилыг шийддэг хэрэг. Ерөнхийдөө хатиг, буглааны үндсэн эмчилгээ нь мэс заслын аргыг эмийн эмчилгээний аргатай хослуулж эмчилнэ.

-Сүүлийн жилүүдэд MRSA буюу антибиотикт тэсвэрт нянгаар үүсгэгдсэн хатиг, буглааны тохиолдлын тоо олширч байгаа гэсэн судалгаа байна лээ. Ер нь антибиотикт тэсвэртэй нян ямар тохиолдолд үүсдэг юм бэ?

-Хүчтэй буюу супер нян гэж нэрлэнэ л дээ. Өргөн хүрээний антибиотик буюу та бүхний өмнө сонсож байсан пенциллин, цефалоспорин, левомицетин гэх антибиотикууд нөлөөлдөггүй. Гэхдээ энэ нянд үйлчилдэг цөөн тооны бүлгийн антибиотикууд бий. Антибиотик тэсвэржилт нян үүсч байгаа нь антибиотикийг дутуу, буруу, замбараагүй, эмчийн заавраар бус хэрэглэж байгаатай шууд холбоотой. Анагаах ухаан антибиотикгүй бол нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэх аргагүй болох учир антибиотикийг зохистой хэрэглэх хариуцлагын өмнө зөвхөн эмч биш хүн бүр үүрэг хүлээх хэрэгтэй л дээ.

-Сүүлийн үед бага, дунд насны хүүхдүүдэд хатиг их гарч байна. Энэ ер нь юутай холбоотой вэ?

-Бага насны хүүхдүүдэд илүүтэй тохиолдож байгаа нь хүүхдийн дархлаа тогтолцоо сул, тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхтэй байдагтай холбоотой. Үүн дээр нэмэгдээд памперстай олон цагаар байдаг тул хярзан, хошного гэх мэт газар хатиг гарах нь элбэг байдаг. Тэгэхээр бага насны хүүхдийн ариун цэврийг эцэг эх нь сайтар сахих хэрэгтэй. Ер нь хүүхдийн биен дээр хатиг, буглаа гарсан тохиолдолд гэрээр дур мэдэж шахаж болохгүй. Заавал харьяа дүүргийн мэс заслын эмчид үзүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна эцэг эхчүүд маань ялангуяа 0-3 насны буюу өөрийгөө илэрхийлэх чадвар бүрэн хөгжөөгүй байгаа хүүхдийнхээ биеийг тэр тусмаа бэлэг эрхтэн, хошного орчмыг нь сайн анзаарах хэрэгтэй.

-Буруу толгойтой хатиг сүүлийн үед ихээхэн гарч байна. Эмнэл зүйн хувьд наашаа харсан хатигнаас юугаараа ялгаатай бол?

-Эмнэл зүйн хувьд ач холбогдол багатай, адилхан л хатиг. Сүүлийн үед ихсээд байна гэдэг нь миний дээр дурдсан “Methicillin resis­tant staphylococcus aureus” буюу MRSA-ээр үүсгэгдсэн хатиг, буглаа. Мэдээж энэ нь илүү аюултайгаас гадна халдвартай. Шууд хүрэлцэх замаар, эсвэл цагаан хэрэглэл, алчуур, хувцас гэх мэт зүйлийг дамжуулан хэрэглэснээс халдварлах боломжтой. MRSA-ээр үүсгэгдсэн хатиг буглаатай үйлчлүүлэгчийг гэрээр эмчлэхэд тохиромжгүй учир ихэвчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Учир нь хэсэг газрын эмчилгээ болох хатиг, буглааг шаардлагатай гэж үзвэл зүслэг хийж идээг нь гарган боолт хийх, цөөн тооны хүчтэй хэдхэн антибиотик л нөлөөлж чадахуйц байдаг. Ингээд эмчийн хяналтан дор эмийн эмчилгээ хийх, халдвартай тул тусгаарлах өрөөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Иймд MRSA халдвар нь хувь хүний эрүүл мэндээс гадна нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд ч саад учруулах боломжтой.

-Эмнэлгээс хол байгаа үед ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн бага насны хүүхдийн хатиг болон буглааг гэрээр эмчлэх гэсний хэрэггүй. Насанд хүрэгчдийн хувьд үнэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй газар байвал хатиг, буглаа гарч эхлэж байгаа хэсэгт үмхий ногоон тос тавих болон өргөн хүрээний антибиотик уугаад үзэж болно. Гэхдээ энэ нь мөн л антибиотикийн зохисгүй хэрэглээ буюу таамгаар эмчилж байгаа хэрэг болно. Тийм учраас заавал мэргэжлийн эмчид хандахыг хүсч байна.

-Олон дахин хатиг гараад байдаг хүмүүс байдаг. Зарим эмч нар бугын цусан эвэр хэрэглэхийг зөвлөдөг. Харин та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон дахин хатиг гардаг, нэг гарахаараа олон тоотой гардаг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ нь хатигшил өвчин юм л даа. Мэс заслын эмчид хандан үзлэг, зөвлөгөө авч бактериологийн шинжилгээ заавал өгч, өвчин үүсгэгчийг тодорхойлсноор эмч ямар эмчилгээ хийхийг шийдвэрлэнэ. Бугын цусан эвэр хэрэглэх нь дорнын уламжлалт эмчилгээний арга байх. Энэ өвчний хувьд эмгэг жамын эсрэг шинжлэх ухаанд суурилсан эмчилгээ нь илүү үр дүнтэй мөн эрсдэлгүй, төгс эдгэрэх боломжтой юм л даа.

-Хатиг буглаа нь хүн амын дунд өвчлөлийн тоо өндөртэй эмгэгүүдийн тоонд ордог юм билээ. Монголд хатиг, буглааны мэс ажилбар хэр их хийгддэг вэ?

-Өөрийн тань хэлж байгаагаар өвчлөлийн тоо өндөр байгаа шүү. Түүнийгээ дагаад хийгдэх мэс ажилбарын тоо бас их байна гэсэн үг. Зөвхөн ЭХЭМҮТ-д л гэхэд нэг өдөрт дунджаар арав гаруй орчим хүүхэд тус эмгэгээр өвдөж ирдэг. Улирлын хувьд авч үзвэл хавар болон зуны улиралд илүүтэй өвчлөлийн тоо нэмэгдэж өвлийн улиралд буурах хандлагатай байдаг.

-Хүзүү толгойнд гарсан хатиг амь насанд аюултай гэдэг. Байршлын хувьд ялгаа бий юү?

-Ер нь хатигны байршлаас хамаарч илүү эрсдэлтэй, аюултай байж болно. Нүүр орчим буюу нүд, хамар, уруул, хүзүү болон бэлэг эрхтэн орчим гарсан хатиг буглааг цаг алдалгүй заавал мэргэжлийн эмч буюу мэс заслын эмчид үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь, эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол сул, анхаарал хайхрамжгүйгээс шалтгаалж хорин хэдэн хоногтой нярай бэлгийн их уруул орчим дахь булчирхайн буглаагаар өвчлөөд эцэг эх нь таваас долоон хоногийн дараа шахуу мэдэж эмчид үзүүлэхээр ирсэн байсан. Гэвч аль хэдийнэ идээ үтрээнд нэвтэрч цоорсон байсан гэх мэт. Тэгэхээр нярай, бага насны хүүхдэд илүү анхаарал хандуулж байх хэрэгтэй. Харин хуруу болон хумс орчим үүссэн идээт үрэвслийг гөгий гэж нэрлэдэг. Монголчууд ганц хуруудах гэж нэрлэж заншсан. Хуруу, сарвуу, хумс орчим идээт үүсгэвэр бий болох, хавдах, улайх, чинэрч лугшиж өвдөх шинж тэмдэг илэрнэ. Энэ нь таны хэлснээр хүмүүс тоолгүй, тоомжиргүй, эмчид үзүүлэлгүй явж хугацаа алдсанаар хуруугаа тайруулах хэмжээнд хүрдэг. Ихэнхдээ гарын хуруунуудад үүсдэг. Шалтгаан нь ямарваа нэг ажил хийх явцад жижиг ил шарх үүсгэж гэмтээх, хуруугаа хаалганд хавчуулах, эсвэл хумс орчмын сөрсөн арьсыг хуулах зэрэг үйлдлийн дараа ил шархаар нян нэвтэрч нян үрждэг. Улмаар хуруу, сарвуу орчмын арьсан дор, хумсан дор, шөрмөс, үе орчим бүүр цаашлаад ясанд буглаа үүсгэдэг. Ер нь нэгэнт идээлж идээт үрэвсэл тархсан бол тухайн хэсгийн ясыг тайрч авахаас өөр аргагүй. Үүсгэгч нян нь хүчтэй, тухайн хүний дархлаа нь сул байвал таван хоногт л ясанд идээ дамжих эрсдэлтэй шүү.

-Хатиг болон буглаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Хатиг болон буглаа үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тус өвчлөлийг үүсгэж байгаа шалтгаануудаас зайлсхийх хэрэгтэй. Хувь хүнээс шалтгаалах сэргийлэлтэд гараа тогтмол угаах, хэрэв арьсан дээр ил шарх гэмтэл учирсан бол тав тогтож эдгэтэл шархны ариун наалт заавал наах ёстой. Мөн шивээс болон цоолбор хийлгэхээр шийдсэн бол баталгаатай, мэргэжлийн газар хийлгэх, ариун цэвэр тогтмол сайтар сахих, дархлааг дэмжих буюу илчлэг сайтай хоол идэх, сайтар унтаж амрах, шөнийн нойрыг авах, стресст өртөхөөс урьдчилан сэргийлэх, стресс менежмэнтед суралцах, биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь биед хатиг буглаа гарахад нөлөөлж буй өөр үндсэн өвчин эмгэг бий бол түүнийгээ эмчлүүлэх, бусадтай алчуур, аяга, хувцас зэргийг сольж хэрэглэхгүй байхыг санах хэрэгтэй. Харин нэгэнт өвчилсөн бол дахилт болон хүндрэлээс сэргийлж заавал мэргэжлийн эмчид хандах нь зөв. Нийслэл хотын хувьд хүн амын төвлөрөл, гэр хорооллын эзлэх талбай нэмэгдсэний улмаас хүрээлэн байгаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө улам бүр ихсэж хүн амын эрүүл мэнд, тав тухтай орчинд ажиллаж амьдрах орчин алдагдаад байна. Нэг л жишээ хэлэхэд хөрсний бохирдол. Гэр хороололд 800.000 орчим айл өрх амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа байдаг. Зуны улиралд үерийн улмаас нүхэн жорлонгоос үүдэлтэй төрөл бүрийн нян үржих таатай нөхцөл хөрсөнд бий болдог нь Улаанбаатар хотод амьсгалын замын эмгэгүүд, гэдэсний халдварт өвчин болон арьсны идээт өвчин зэрэг өвчлөлийн тоо буурахгүй байгаатай холбоотой болов уу.

С.ЛХАМСҮРЭН Өдрийн сонин