Bubble tea-г хэтрүүлэн хэрэглэж болохгүй


Өнгөрсөн 7 сарын 17-ны өдөр (орон нутгийн цагаар) БНХАУ-ын Гуандун хотын ахлах сургуулийн сурагч (18 настай) хурц хэлбэрийн тулай өвчинд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн тухай Хятадын мэдээллийн агентлаг мэдээлэв.


Учир нь уг өвчтөн чихрийн шижин өвчний маш хүнд байдалд орсон, Шуурхай арга хэмжээг авч,чихрийн хэмжээг бууруулаагүй бол амьдралдаа огт алхаж чадахгүй, үхэх магадлалтай гэж анхааруулжээ.
Сурагч бөмбөлөгтэй цай буюу Bubble tea д маш их донтсон бөгөөд өдөрт 1-3 аягыг тогтмол уудаг байсан нь ийм байдалд ороход нөлөөлсөн хэмээжээ.

Тулай өвчин нь сүүлийн жилүүдэд ихэд эрчимжих болсон бөгөөд зүй зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүсдэг өвчин юм байна. Ийм өвчин туссан хүний бодисын солилцооны хэвийн үйл явц  алдагдан цусан дахь шээсний хүчил хэвийн хэмжээнээс хэтэрч, улмаар биеийн аль нэг хэсэгт /ихэвчлэн хөл, гарын хуруунд/ хуралдан тухайн хэсгийг гэмтээж эхэлдэг. Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст  хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний  задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг аж. Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил  хуралдана. Өвдөлт нь  дуу алдаж, хашгирмаар тэсэхийн аргагүй байдаг.

Дээрх хүү бага зэрэг хожимдсон бол алхаж гишгэж чадахгүй болох, цаашлаад зүрх нь зогсох ч аюултай байсныг эмч нар анхааруулжээ.

Энгийн мөстэй цай 22 гр сахар агуулдаг бол бөмбөлөгт цайнд дунджаар 54 гр сахар агуулагддаг байна.

“Bubble tea”-ний гол орц болох бобаг “Cassava” гэх олон наст модлог ургамлын үндэснээс гарган авдаг ба уг үндэс нь цардуулаар баялаг тул хоол хүнс, малын тэжээл, хоолны өтгөрүүлэгч , амтлагч үйлдвэрлэхэд түгээмэд ашигладаг. Нунтагласан үндсийг төмсний нунтаг, цэлцэгнүүртэй хольж 2.2–10 мм диаметртэй боба үйлдвэрлэдэг. “Bubble tea” нь 1980-аад онд Тайваньд үүссэн бөгөөд “боба”-н дээр олон төрлийн жимс, сүү, цай нэмж, орцыг нь баяжуулж, хүмүүсийн өдөр тутамдаа уудаг цай/ундаа болтлоо хөгжжээ.