Нохойд бариулсан хоёр настай охины гэр бүлд 100 мянган төгрөг өгье гэжээ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёрхон настай хүүхдийг нас бие гүйцсэн эзэнтэй гэх хоёр нохой (дундад ази үүлдэр) оройны 7-8 цагийн хооронд уруулж сийчүүлэн эрэмдэг болсон хэрэг 20 гаруй хоногийн өмнө гарчээ.

Хохирогч охины гэр бүлийнхэн шүүх эмнэлэгт очиход хөнгөн гэсэн гэмтлийн зэрэг тогтоосон аж.  7 сарын 29 нд болсон энэ хэргээс хойш нохойны эзэд нялх үрийг эргэж тойлох нь битгий хэл байсан гэрээсээ хүртэл нүүжээ. Сар орчим болоход хүүхдийн биеийн бусад хэсгийн шалбархай нь сорвижиж, бөөр хэсэг нь эдээ бээр татаад шимэгдээ ч үгүй байгаа юм.  Бцяхан охин шөнө уйлагнаж, хар дараад сэтгэл зүйн асар их дарамт, айдастай болжээ. 

Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн 12-р хорооны цагдаагийн ажилтан Намсрайжав шалгасан бөгөөд хэргийг хаах санал гаргасан байна. Хамгийн гол нь тухайн хэрэгт зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ болох 100 мянган төгрөгөөр торгох бөгөөд энэ мөнгийг гэр бүлийнхэнд өгье гэсэнд охины талынхан гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

 Тухайн нохой нь өмнө ч хэд хэдэн удаа тухайн орчны хүмүүсийг хазахыг оролдож байсан гэдгийг охин гэр бүлийнхэн ярьсан юм. 

Сүүлийн жилүүдэд нохойд уруулж, гэмтэл авах тохиолдол их гарч байгаа . Харин нохой тэжээж буй иргэд өөрсдийн үүрэг хариуцлагаа тэр бүр ухамсарлахгүй байсаар өдийг хүрлээ. 

Нохойг олон нийтийн газар салхилуулахдаа, гудамжаар дагуулж явахдаа та амны хошуувч зүүлгэдэг үү? “миний нохой хаздаггүй, хүн рүү дайрдаггүй, номхон, дөлгөөн… зэргээр хошуувч хэрэглэдэггүй юм биш биз. Тэгвэл танд зөвлөхөд хууль, журмын дагуу нохойгоо олон нийтийн газар авч явахдаа заавал хошуувч зүүлгэж хэвшээрэй.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-д:

Нэг. Нохой, муур эзэмшигчийн үүрэг

1.1. Нохой, муур эзэмшигч байгууллага. иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана

Хоёр. Нохой, муур тэжээгчдэд хориглох зүйл

1. Нохой, муурыг хамгаалалтгүй байлгаснаас хүн, мал уруулах, эмчилгээ, шинжилгээ хийлгэлгүй нохой, муурыг тэжээх, бусдад худалдах, шилжүүлэх, золбируулж хаях.

2. Хотын гудамж, талбай, үйлдвэрлэл үйлчилгээний газар, нийтийн тээврийн хэрэгслээр хамгаалалтгүй буюу хошуувчгүй нохой, муур авч явах, үхсэн мал амьтдын сэг зэмээр тэдгээрийг хооллох… хэмээн заажээ.

People watch wolfhounds fight at a stadium in Bishkek on January 18, 2009. The fight was organised by a local dog breeders club with the aim of finding the dog best suited to improve the Asian Shepherd breed, organisers said. Some 50 dog owners brought their dogs to fight for the title. AFP PHOTO / VYACHESLAV OSELEDKO (Photo credit should read VYACHESLAV OSELEDKO/AFP/Getty Images)

Харин журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай:

Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

а/ Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодыг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хүлээлгэнэ.

б/ Эрх бүхий улсын байцаагч нар Захиргааны хариуцлагын хуульд заасан зөрчлийг илрүүлсэн үедээ зохих мөнгөн торгууль оногдуулна.

в/ Энэхүү журмын заалт болон мэргэжлийн холбогдох байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй иргэдэд хороо, дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу арга хэмжээ авна… гэсэн байна.

Энд дурдсанчлан Эрүүгийн хуульд:

Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… хэмээн заажээ.

Тиймээс бусдын эрүүл мэнд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд та нохойдоо заавал хошуувч зүүлгээрэй.