Б.Ганчимэг: Зүрх сэтгэлдээ эх орноо үргэлж тээж явдаг


“Зэрлэгүүдийг хүлээхүй” нэртэй Холливудын оддын Монгол жүжигчидтэй хамтран тоглосон тун сонирхолтой дэлгэцийн бүтээл та бидний мэлмийг мялаахад бэлэн болжээ. Энэхүү киног өнгөрсөн онд Венецийн кино наадмын үеэр үзэгчдэд анх хүргэжээ. Уг киноны эмэгтэй гол дүрийг загвар өмсөгч, жүжигчин Б.Ганчимэг бүтээсэн юм. Тэрбээр Венецийн кино наадмын 76 дахь нээлтийн ёслолын үеэр Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Патенсон нартай хамтран улаан хивсний ёслолд оролцож, Монгол орноо дэлхий дахинд сурталчилсан бахархам амжилттай яваа бүсгүй.

Мөн түүнтэй хамтран “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд Монголын нэрт жүжигчид хамтран тогложээ. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд нар хамтран тус кинонд дүр бүтээсэн байна. Киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч, энэ сарын 21-нээс Монголын кино театруудаар үзэх боломжийг олгож байгаа аж. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг Англид 10 гаруй жил амьдарч байгаа бөгөөд тэрбээр тун саяхан Америкийн “The glassmagazine.com”  сайтад ярилцлага өгчээ. Түүний энэхүү ярилцлагыг та бүхэндээ хөрвүүлэн хүргэж байна.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

 -Миний бага нас эгэл жирийн хүүхдүүдийн адил өнгөрсөн. Амралтаараа хөдөө байдаг эмээгийндээ очдог байлаа. Эмээ минь нүүдэлчин хүн. Бид амралтаараа эмээдээ тусалж, мал сүргийг нь хариулдаг байсан. Монголчууд бага балчир наснаасаа эхлэн байгаль дэлхийтэйгээ ойрхон өсөж, эх дэлхийгээ хайрлан энэрч сурдаг. Энэ зан чанар нь надтай үргэлж холбоотой байсаар ирсэн. Эмээ надад “Бүдэрч унасан ч тоосоо гүвээд урагш алхах хэрэгтэй шүү” хэмээн үргэлж хэлдэг байсан. Энэ үг намайг өнөөдрийн амжилтад хөтөлсөн гэж би боддог. Миний алдаж оносон бүхэн намайг урагш алхаж тэмүүлэх замд хөтөлдөг. Би зүрх сэтгэлдээ үргэлж орчин үеийн нүүдэлчин Монголын хэв шинжийг агуулж байдаг. 

-Та жүжигчин болохоосоо өмнө загвар өмсөгч байсан. Моделийн карьераа хэрхэн эхлүүлж байсан талаараа сонирхуулаач?

 -Би зүгээр л зөв газраа зөв цагтаа байсан юм. -Та цаашид жүжигчний карьераа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? 

-Би бага байхын ном уншиж, кино үзэх дуртай хүүхэд байсан. Кино бүрийг үзсэнийхээ дараа үйл явдлуудыг үргэлжлүүлэн толгойдоо ургуулан боддог байлаа. Загвар өмсдөг болсноосоо хойш зар сурталчилгаа, клипэнд тоглохын тулд олон ч шалгаруулалтад оролцсон. Тэд надаас жүжиглэх ур чадвартай байхыг шаарддаг байлаа. Энэ нь эхэндээ надад хэцүү санагдаж байсан. Гэхдээ би өөрийгөө тав тухтай байлгаад хөгжихгүй байхыг хүсээгүй. Тиймээс өөртөө урам зориг өгч, илүү ихээр хичээн суралцаж эхэлсэн. Тэр үеэс л жүжиглэхээс өөр зүйл миний сонирхлыг татахаа больсон. Тун удалгүй жүжигчний мэргэжил миний сэтгэл зүрхийг бүрэн эзэмдсэн. Эцэст нь би жүжигчний мэргэжлээр сургуульд суралцан төгсөж, кинонд дүр бүтээж эхэлсэн. 

-Загвар өмсөгч, жүжигчин мэргэжилд ижил төстэй зүйл ажиглагдсан уу? 

-Энэ хоёр салбарт цөөн хэдэн ижил чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Нэг ёсондоо жүжиглэх, загвар өмсөх гэдэг нь хэн нэгний бүтээсэн загвар, түүхийг олон нийтэд толилуулдгаараа адилхан. Тиймээс та дизайнер, найруулагч, зохиолчийн санасан бүхнийг үзэгчдэд хүргэхийн тулд тэдэнтэй маш сайн хамтран ажиллах хэрэгтэй. Миний, туршлагаас үзэхэд загвар өмсөгчид ямар ч камертай маш сайн харилцаж сурах ёстой. Чи хэн нэгнээс ичиж, санаа зоволгүйгээр камертай харьцаж сурснаар кино дэлгэцийн талбарт ч гарч ирэх боломж нээгдэнэ. Бас нэг нийтлэг тал бол олон цагийн зураг авалтыг тэсвэрлэхэд шаардагдах уян хатан байдал, зураг авалт бүрд найруулагчийн илэрхийлэхийг хүссэн зүйлийг хүргэх тууштай байдал шаардлагатай. 

-Таны инстаграм хуудсыг харахад загварын ертөнц салшгүй нэг хэсэг чинь юм шиг санагдсан. Магадгүй загвар гэдэг таны өөрийгөө олон нийтэд илэрхийлэх арга хэрэгсэл байж болох юм?

 -Би тав, зургаан настай байхдаа хүүхэлдэйдээ зориулж загвар зохион бүтээж, хувцас оёдог байсан. Мөн Монголын өсвөр насны охидын дунд зохион байгуулдаг загварын уралдаанд оролцож шагнал хүртэж байлаа. Тиймээс загвар бол миний хувьд өөрийгөө илэрхийлэх гол арга хэрэгсэл гэж хэлж болно.  Миний тоглосон “Intelligence” киноны дүр маань үүнийгээ илэрхийлэх боломжийг олгосон бөгөөд киноны дүрд тоглосон нь надад тун сонирхолтой байсан. Би шинэ дүрд тоглохдоо тухайн дүрийн онцлог хэв маягт нь их татагддаг. 

  -Америкт нээлтээ хийсэн “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд та Холливудын ододтой хамтран тоглосон. Жүжигчнийхээ карьерыг эхлүүлээд удаагүй байхдаа алдартнуудтай хамтран ажиллах ямар санагдсан бэ. Тэд танд ямар зөвлөгөө өгөв?

 -Миний дүр голчлон ноён Марк Райленстай холбогдож байсан. Гэхдээ би жүжигчин Жонни Депптэй хамт нэг удаагийн зураг авалтад оролцсон. Гайхалтай байсан. Тэдэнтэй хамтран ажиллах нь миний хувьд маш том аз завшаантай зүйл. Тэд надад жүжигчин хүн дүрээ бүтээхийн тулд хэрхэн нухацтай хандах хэрэгтэйг ойлгуулсан. Би тэднээс, маш их зүйл сурч чадсандаа баяртай байгаа.   Марк үргэлж намайг дэмжиж, тусалж байсан. Тэр үнэхээр ёс зүйтэй, даруухан хүн шүү. Хэзээ нэгэн цагт бид дахин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Би ийм алдартай хүнд монгол хэл заана гэж төсөөлж ч байгаагүй. Тэр монгол хэлийг маш хурдан сурсан. Үнэндээ монгол хэлийг гаднын хүссэн хүн бүр сурах амаргүй.  

 -“Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрд тоглоход танд хамгийн хэцүү нь юу байсан бэ? 

-Энэ дүр намайг бүх талаар сорьсон. Жүжигчний хувьд өөрийгөө бүх талаар хөгжүүлж чадсандаа баяртай байна. Мөн өөрийн ур чадварыг ахиулах, шалгах дүрүүдэд тоглохыг хүсдэг. Энэ дүрийнхээ ачаар би байгаль дэлхий, нүүдэлчин соёлтойгоо эргэн холбогдсон. Мөн эмээтэйгээ хамт өссөн тэр сайхан цаг мөч рүүгээ эргээд очих шиг л болсон шүү. 

– Та Девид Швиммер, Ник Мохаммед нарын бүтээл “Intelleigence” кинонд инээдмийн дүрийг бүтээсэн. Та өөр дүрд хувирахад бэлэн байна уу? 

-Би инээдмийн кинонд тоглоно гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ миний хувьд анхны инээдмийн киноны дүр байлаа. Надад маш сайхан санагдаж байна. Жүжигчин хүн олон дүрд хувирч өөрчлөгдөж байх нь чухал гэдгийг ойлгосон. Би цаашид илүү их хөдөлмөрлөх болно. 

-Венецийн кино наадмын дэлгэцээс өөрийнхөө монгол дүр төрхийг харахад ямар байсан бэ?

 -Мэдээж “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд оролцон тоглосон нь миний энэ цагийн хамгийн өндөр амжилт. Найруулагч, продюссер маань энэ киногоо бүтээхийн тулд 25 жил хүлээсэн. Намайг кинондоо тоглуулахаар сонгосон явдал нь үнэхээр гайхалтай байлаа. Мөн найруулагч Дэвид Швиммертэй “Intelligence” кинонд хамтарч ажилласан нь надад мөн адил гайхалтай туршлага байлаа гэдгийг хэлмээр байна. 

-Танд тоглохыг хүсдэг мөрөөдлийн дүр бий юү? 

-Би өөр өөр зан араншинтай дүрд тоглохыг их хүсэж байна. Өнөөг хүртэл би чамгүй олон кинонд оролцон тоглосон. Ирээдүйд уран зөгнөлт, шинжлэх ухааны болон тулаант кинонд дүр бүтээхийг хүсдэг. Энэ ташрамд, кино урлагт өөрийн хүсэл тэмүүллийг хуваалцаж буй бүх хүнд талархаж байна. Цаашид тэдэнтэй илүү ойроос харилцаж, хамтран ажиллахын төлөө хичээх болно. 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн сонин