Р.Эмүжин: Хэдэн боргоцойн хойноос хээр хонож явах юу нь сайхан байхав…


Хоргын тогоог үзэж яваад наад талын энэ шавилхан бүсгүйтэй танилцсан юм. Хот хүрээ газраас ирсэн, чипсний уут шажигнуулж, ундааны сав санжигануулсан, гүзээ ихт, хөл хөшүүн биднээс эрс өөр хоёр хүн Архангайн Хоргын тогоог үзэж явахыг хараад хамтдаа уулнаас буусан маань Хүүхнээ, Цэрэндолгор гэх нэг гэр бүлийнхэн байлаа. Нөхөр нь болох Хүүхнээ нэрэлхсэн үү, хоёр найзтайгаа ард үлдэж, Цэрэндуламтай хамт буцах зуураа хэдэн үг солив. Тэд Цахир сумынхан гэнэ. Далаад үхэртэй. Зургадугаар ангийн нэг хүүтэй. Хүү нь эмээ өвөөтэйгөө үлджээ. Харин замын танилууд маань самар түүхээр гэрээс гараад хэд хоножээ. Нэг боргоцой 500 төгрөг гэнэ. Шуудайгаар нь авбал 25 мянга гэж байна. Хорго уулын бэлд ирвэл мотоцикл дээр даруулж ганзагалсан шуудайтай самар, хамтрагчид нь болох хоёр бүсгүй тослоо.

Өвөл хүндхэн болсон, зуншлага тааруу. Хэдэн малаа онд оруулахын тулд энэ зун тугалаа эхтэй нь ихэвчлэн тавьж байгаа. Яахав, намартаа самарт яваад хэдэн төгрөг олно. Нутгийн бид нутгаа хайрлаж самар түүнэ. Хотоос хааяа бүлэг хүмүүс ирдэг, тэд бол манай нутгийг юу гэж хайрлах вэ дээ. Самар түүхээр нэг л гэрээс гарвал хээр хоноод явахаас аргагүй болдог. Хэдэн төгрөгтэй болоод харина даа. Амьдрал гайгүй байсан бол юу гэж ингэж явах вэ дээ, бас л хатуу шүү дээ. Намрын хүйтэн орж байхад хээр хоноод, хэдэн боргоцойн хойноос явах юу нь сайхан байхав…бүсгүй ингэж л ярьсан. Амьдралын үнэнийг амталж будалгүй хүүрнээд, Монгол хүн байна даа, байгаагаараа л дайлъя, самар ав гэж билээ. Ядаж мотоциклдоо бензин хийгээрэй гээд хэдэн төгрөг өгөхөөс өөр гарц надад байсангүй. Хүнд хэцүү амьдралын шуурганд хөл алдахгүйг хичээн, өөрсдөөсөө бусдад найдаж чадахгүй чардайтал зүтгэж яваа бас нэгэн үеийнхэн.

Бороо шивэрсэн өдөр хэдэн самар зарчихаад, Хоргын тогоог үзэж яваа сэтгэлийн гэрлээ алдаагүй ийм нэгэн бүсгүйтэй танилцлаа. Буцах замдаа юу эсийг бодсон гэхэв. Мотоцикл дээр хэрэгтэй бүхнээ багтааж ачаална гэж байхгүй. Ариун цэвэр сахих, ам хөдөлгөх хоол ундаа зохицуулах гээд асуудал олон. Давирхайд халтартсан жижигхэн гар, дэндүү жирийн, байгаагаараа үнэн дүр төрх, дээлээ өмсөж байгаад зургаа авхуулна аа гэх сулхан инээд…Цэрэндуламын хэлсэн Хэдэн боргоцойн хойноос хүүхдээ ардаа хаячихаад хээр хонож явах юу нь сайхан байхав гэдэг энэ үг эгэл ард түмний төрдөө дайж байгаа гашуун үнэн юм даа…ноён нуруугаа алдчихалгүй зүтгэж л яваа ард түмнээ номхон хонь шиг ноолж, ногттой тэмээ шиг чихдэж, торгож, хурааж байхын оронд төрөөсөө юу ч гуйгаагүйнх нь төлөө өмнө нь өвдөг мэхийвэл таарна. Хэдхэн боргоцойн төлөө хээр хоноод хэд хоногоор явж байгаа залуус үйлдвэр барьчихвал өнжин хонон ажиллаад, үрдээ амттантай, сэтгэлдээ итгэлтэй харьж өлхөн чадна!