Тайландын хааныг шүүмжлэдэг группт нэг өдөрт 500 мянган хүн нэгджээ


Тайланд улсад эзэн хаанаа доромжлохыг гэмт хэрэгт тооцож, буруутай этгээдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг.

Харин шинэ үеийнхэн энэ байдлыг өөрчлөхийн төлөө тэмцэж эхэлжээ. Тэд эзэн хааныг шүүмжлэгчдийг нэгтгэсэн нэг сая гаруй гишүүнтэй Фэйсбүүкийн групптэй болоод байсан юм.

Саяхан Тайландын засгийн газар уг группыг хаахыг Фэйсбүүк компаниас шаардаж, шаардлагыг хүлээж авахгүй бол шүүхэд хандахаар сүрдүүлжээ.

Фэйсбүүк шаардлагыг биелүүлсэн ч хүний эрхэнд халдсан Тайландын засгийн газрын зүй бус шахалт дарамтыг эсэргүүцэж, шүүхэд хандахаар болсноо хариу мэдэгдсэн байна.

Группыг нь хаасны дараа хаант засаглалыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг, гадаадад дүрвэсэн судлаач Павин Чачавалпонгпун дахин нэг групп шинээр нээсэн нь нэг өдрийн дотор хагас сая гаруй гишүүнтэй болжээ.

“Хэрвээ энэ группыг хаавал би дахиад шинээр үүсгэнэ. Үг хэлэх эрх чөлөөний төлөө би үүнийг хийсээр байх болно” гэж Павин хэвлэлд ярьсан байна.

Японд амьдардаг тэрбээр анхны группыг энэ оны дөрөвдүгээр сард үүсгэж, Тайландад хориотой байдаг эзэн хаантай холбоотой сэдвүүдийг хэлэлцэх талбар болгож байжээ.

Тус улсад эзэн хааны нэр хүндэд халдсан, шүүмжилсэн хүн 15 хүртэл жил шоронд хоригдох шийтгэлтэй байдаг.

Эх сурвалж: Reuters