Д.Батбаярын ээж: Манай бурханд ирээдүйн бэрийн маань зурагтай тасалбар идээ будаа өмнөө өрүүлж тахиулаад олон жил болсон нь үнэхээр сонин


Цагтаа авьяасаараа цалгиулж явсан дуучин МУГЖ Т.Баясгаланг өдгөө танихгүй хүн ховор. Түүний нөхөр Д.Батбаяр ч цагтаа хүч мэхээ уралдуулж Арлын орныг донсолгож явсан удаатай.

Тэгвэл ард түмний хайртай дуучин Т.Баясгалангийн хадам ээж Ж.Жавзандулам нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа бэрийнхээ талаар ийн дурдаж байжээ. Тухайн үед дууч бүсгүйг айл гэр үймүүлсэн хэмээн фэнүүд нь ихэд шүүмжилж байсан юмдаг.

Би эхлээд нэг сонин түүх ярья. Одоогоос бараг арваад жилийн өмнө миний багын найз Доёдмаа гэдэг бүсгүй утасдаад Хүүе Жавзаа, цаад зурагтаар чинь Баясгалан гэдэг чиний залуугийнхтай дэндүү адилхан охин дуулж байна. Арай чиний хүүхэд биш биз гээд сүйд болсон. Тэгэхэд л би анх бэрээ харж байлаа. Хальт харахад төстэй юм шиг санагдсан ч надаас дэндүү гоё охин Жавхлан гэдэг залуутай хослоод жигтэйхэн сайхан дуулж байсан. Дараа нь хэзээ ч юм бүү мэд Баясгалангийн нэг тоглолтын билет манай бурхны гүнгэрваанд ороод зөндөө олон жил болчихсон байсан шүү. Магадгүй тэр билетэн дээр Баясаагийн зурагны хажууд бурхны хөрөг байсан болохоор тэнд хийсэн байж ч болох.

Гэхдээ л манай бурхан шүтээн дунд ирээдүйн бэрийн маань зурагтай тасалбар идээ будаа өмнөө өрүүлж тахиулаад олон жил болсон нь үнэхээр сонин санагддаг. Хүүгээ дуучин бүсгүйтэй үерхэж байгаа гэсэн сургаар хамгийн түрүүнд ламд очиж жил усыг нь үзүүлсэн. Миний шинэ бэр хүүтэй маань төдийгүй бидэнтэй ивээл жилтэй байсан нь Баясааг шууд хүлээн зөвшөөрөхөд том түлхэц болсон.

Бас нэг сонирхолтой юм хэлэхэд намайг Ж.Жавзандулам, бэрийн маань ээжийг бас Жавзандулам гэдэг. Би бурхан тэнгэрт итгэж, энэ талаар сонирхон судалж, сүслэн залбирч явдаг хүний хувьд энэ жаахан бэрийгээ урд насандаа миний охин байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Баясаа маань бурханлаг, зөөлөн сэтгэлтэй, үргэлж хорвоог аргадсан нэг тийм аядуу хоолойгоор дуулдаг, бага залуу ч маш хөдөлмөрч хүүхэд.