Олимпийн алтан медальт Э.Бадар-Ууганы гэргий үргүйдэлтэй гэр бүлд туслах САН байгуулжээ


Олимпийн алтан медальт Э.Бадар Ууганы гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан Өөжинмед эмнэлэг үүд хаалгаа нээгээд таван жилийг ардаа орхижээ. Үр шилжүүлэн суулгах энэ төв нь ойн баярын хүрээнд Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан үүсгэн байгуулснаа зарлаж, Монголын олны танил эрхэмүүд тус сангийн нээлтэнд хүрэлцэн ирж хандив өргөж тус үйл ажиллагааг дэмжсэн байна.

Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан нь Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд эмчилгээнд явж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан болно.

Аз жаргалыг энгэртээ тэвэрье сангийн үйл ажиллагаанд хэрхэн хамрагдах вэ?

Тус сан нь үр хүүхэдтэй болох чин хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй байгаа Өөжинмед эмнэлгийн үйлчлүүлэгчдэд өндөр өртөгтэй ажилбарууд болох Өндгөн эс соруулах ажилбар, Үр хөврөл шилжүүлэн суулгах ажилбар, түүнчлэн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг ERA шинжилгээ, Үр хөврөлийн генетикийн шинжилгээний зардлыг хандивын сангаас гарган санхүүжүүлнэ. Ирээдүйд төрөх хүүхдийн амьдралын баталгааг бодолцон үзэж тухайн өрхийн ажил эрхлэлтийн байдал, орлогод доод хязгаарыг зааж өгсөн ба хандивлагч байгууллага, хувь хүмүүсд хандивын зарцуулалтыг тайлагнах үүднээс сонгогдсон хосын овог нэр, зургийг нээлттэй байлгах шаардлага тулгарч байна.

Мөн түүнчлэн хосуудын өөрсдийн хүсэл зорилго, хүчин чармайлт маш чухал учир өмнө нь өөрсдийн зардлаар үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж байсан ч хүүхэдгүй гэр бүлийг тэргүүн ээлжинд сонгон хамруулах болно.

Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан нь дараах нөхцлийг хангасан үйлчлүүлэгчдийн цахимаар болон эмнэлгийн байранд ирж бөглөсөн цаасан хэлбэрийн хүсэлтүүд дундаас сонгон шалгаруулж сар бүрийн эхний өдөр пейж хуудсаараа зарлан эмчилгээг эхлүүлэх болно. Сонгохдоо сангийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн хамгийн олон санал авсан гэр бүлээс эхэлнэ.

Үүнд:– Хосууд Монгол улсын иргэн байх
– Гэрлэлтээ хууль ёсны дагуу батлуулсан эсвэл аль аль нь гэрлэлт батлуулаагүй байх- Өөжинмед эмнэлэгт карт нээлгэсэн үйлчлүүлэгч байх- Өмнө нь хамгийн багадаа 1 удаа Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн байх- Хосуудын аль нэг нь эсвэл аль аль нь төрсөн хүүхэдгүй байх- Гэр бүлийн өрхийн орлого 1 сард 1 сая төгрөгөөс багагүй байх- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн нэр, зураг гэх мэт хувийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрөх

Хэрэв танай гэр бүл дээрх шаардлагуудыг хангаж байвал доорх линкээр хүсэлтээ илгээгээрэй.

https://ivf.typeform.com/to/GCNg9UiI