KING TUG -н өрсөлдөгч шинээр тодорчээ


Мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогттой тулалдахаар “Covid 19” цар тахлын сорьц, шинжилгээнд хамрагдсан Эдуардо Рамиресийн шинжилгээний сорьц эерэг буюу халдвартай гарсан талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин АНУ-аас мэдээллээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO /International Boxing Organization/ холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж, WBC  /World boxing council/ холбооны 57,2 кг жинд дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Н.Төгсцогт 2020 оны есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” (Солгой) хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой “title eliminator” статустай /хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно/ Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болсон билээ.WBC -ийн журам ёсоор боксчдыг тулаанд орохоос гурван сар, нэг сар, хоёр долоо хоног, долоо хоногийн өмнө допингийн болон ямар нэг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, эмнэлгийн үзлэгт оруулж, урьдчилсан жинг үзэж тулаанд оруулах эсэхийг шийддэг. Сүүлийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, “Covid 19” цар тахлын шинжилгээг авч байгаа аж. Энэ ёсоор өчигдөр өгсөн сорьц, шинжилгээнд Эдуардо Рамиресийн “Covid 19”-ийн сорьц эерэг буюу халдвартай гарсан байна.   Иймд WBC холбооноос Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн нэрийг өнөөдөр зарлалаа. WBC холбооны featherweight буюу 57,2 кг жингийн чансааг манлайлж, нэгдүгээрт бичигдэж буй манай Н.Төгсцогттой Барбадосын ”Soldier” Кобиа Брийдитэй тулалдуулахаар шийдвэрлэжээ.   К.Брийди энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпын наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “Soldier” /Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан юм байна/ хочтой гарч, 15 удаа ялалт /5 КО буюу нокаут/ байгуулсан, одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм. Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин юм байна. Тэрбээр АНУ-ын Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж. 

 Хоёр боксчны тулааныг SHOWTIME ТВ сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулах юм.