Эмэгтэй эсрэг дүрээр мэргэшиж буй Л.Эрдэнэ-Очир


СТА, жүжигчин Л.Эрдэнэ-Очир сүүлийн жилүүдэд эсрэг дүрийн эмэгтэй дүрээрээ мэргэшсэн нэгэн гэж хэлж болохоор хэд хэдэн бүтээлд дүр бүтээсэн.

Түүний тоглосон кинонуудаас нэр дурьдвал, Ээжийн дайсан-2, Нинжин сэтгэл, Аав, Хүний цаана зэрэг кинонд бүтээсэн хатуу ширүүн төрхтэй эмэгтэйгээр тод санагдах байх.

1995 онд СУИС төгсөөд жүжигчнээр төгссөн тэрбээр 10 гаруй жил урлагийн салбараасаа холдсон ч урлагийн тайзнаа эргэн ирж сүүлийн 9 жил тасралтгүй уран бүтээл туурвиж байгаа юм.

Түүний тоглосон эерэг дүр тун ховор гэж хэлж болно. Өөрт нь ч голдуу эсрэг дүр ирдэг. Түүний хэлснээр эерэг гэдэг юм чинь өөрөө их зөөлөн, сайн сайхан бүхнийг шингээсэн. Эсрэг дүр нь тоглох юм ихтэй, сонирхолтой, ажиллагаа их ордог, хүмүүс хүлээж авах нь илүү, давуу талтай. Эсрэг дүрд тоглохдоо дуртай байдаг. Яагаад гэвэл төрөл бүрийн ажиллагаа оруулж болдог хэмээн ярьж байжээ.

Тэрбээр энэ удаагийн шинэ бүтээлдээ дахин хатуу ширүүн эмэгтэйн дүр бүтээсэн бөгөөд жүжигчин Ц.Алдармаагийн бодит амьдралаар хийсэн гэх Эхиймаа УСК-нд Байгалаа гэх шоронд хоригдож буй эмэгтэйн дүр бүтээжээ.

Эхиймаа кино нь 2020.09.11-нд бүх кино театруудаар гарч эхэлнэ.

Сонирхуулж хэлэхэд, тэрбээр гурван жил гаруйн өмнө нь авто осолд орж, нүүрний хэсэгтээ сорвитой болсон бөгөөд үүнийгээ Солонгост гоо сайхны мэс засалд оруулах гэж байсан ч больж байсан удаатай гэнэ. Гэхдээ түүний энэ сорви нь өөрт нь ирсэн дүрийг улам тодруулан харуулж, давуу тал болж байгаа гэмээр харагддаг гэж зарим нэг үзэгч сэтгэгдэлээ илэрхийлдэг аж.