Оркландынхан


Нар мандсан ч үүлээр халхалж хардаг найгүй өөнтөгч, хэрүүлчдийн “Оркланд” гэж улс бий. Гудамжаа цэвэрлэсэнгүй гэж ТҮК-ийнхнээ адлах хэрнээ гудийх ч гүй нус цэрээ хаяж, машины цонхоороо тамхины иш шидлэх ердийн зуршлаар нь биднийг төвөггүй таньж болно.

Манай оркландынхны өглөө гэрийнхээ цонхоор цай, сүүний дээж цацахаас эхэлдэг. Өөрийн ажил бүтэж л байвал айлын цонх бохирдоно уу, хүний машин халтардана уу ёстой түй ч хамаагүй. Цонхон доор явж таараад хувцас хунар нь заваарбал тэр хүний л хохь, “үхсэнээ хийж өглөөгүүр айлын цонхон доогуур золбирч явсын” гэсэн түгээмэл ганц тайлбартай. За тэгээд ууттай хогоо орцонд юмуу лифтэнд орхихоос ажлын зам мөр маань засагдана. Хэн шинэ өдрийг хогийн савтай зууралдаж эхлүүлэх вэ дээ ер нь, хийморь сүлдэнд муу шд.

Зам дээр эгнээ булаалдах алалцаан, кабин дотроос урсгах хараал зэргийг маань хөндлөнгөөс сонссон баргийн хүн бахархаж хүндэлмээр, уран хийгээд хорон, эрэмгий бөгөөд түрэмгийг нь эрдэж бишэрмээр…

Оркландынхан ертөнцийн хуулийг юман чинээ тоохгүй, дэлхийн тэнхлэгээс зөрж эргэхдээ ч сийхгүй улс. Зөвхөн амьдарч байгаа газар нь дэлхий сөнөж мэдэх, эсвэл дэлхий нийтээрээ үхэж байхад лаа шүдэнз, сармисныхаа хүчээр лагерь дээрээ амьд үлдэж чадна гэсэн гүн итгэл үнэмшилтэй.

Олон улсыг хамарсан халдварт өвчин, тахал гарвал оркландынхны бараг л баяр… Далимдуулаад цучил өрдөн цуу тарааж, гурил будаагаа ахиухан зарахаа л бодно уу гэхээс өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх тухай зүүдлэх ч үгүй. Гай болж тусчихвал төр засаг руугаа дайрч, халамж хайргүйг нь дуудан харааж зүхээд асуудлаа тохчих хойно тэгж өөрсдийгөө зовоогоод юүхэв. За даа, төр засгийнх нь ихэнх дарга нь түмэн олон оркынхоо дундаас гарсан болохоор бидэндээ таарсан поп сэтгэхүй, орклог оршихуйтай.

Хувь орон зайг хүндлэх, нийтийн эрх ашигт захирагдах гэх мэт ойлголт оркландад бол хорсол төрүүлэх хоосон тунхаг… Албан эх сурвалжийн мэдээллээс илүү ам дамжсан яриа үнэн, олон улсын жишгээс илүү олныхоо салхийг дагаж ханарах нь зөв.. Хаа явсан газраа хар энерги цацаж, хажуу хавиа гутааж байвал бяр орж, бяд нэмэгдэнэ. Энэ бол оркландын үнэт зүйл.

Баяр ёслолоо л сайхан хийчихвэл баргийн вирус ёстой гай л байна. Тэгээд ч Оркландынхан бид тэнгэр заяатай, хаан дархлаатай учир боов буузны реклам тасрахгүй, захаар хөлхөгсдийн хөл татрахгүй байгаам. Уучлаарай, баярлалаа гэдэг үгийг үгсийн сангаасаа хасаад, хөршгүйгээр хөгжиж, судалгаагүйгээр суга баяжиж, орь ганцаараа тасарч чадах орчлонд давтагдашгүй улс бол ОРКЛАНД….

#IdeaS_элийризм