Өдрийн аль цагт хооллох нь зохистой вэ?


Өглөө ажилдаа яараад өглөөний цайгаа уухгүй гарчихдаг, Ажлын цайны цаг богино болохоор яаруу хооллочихдог юм, Мөнгөнд хэмнэлттэйг бодоод хөнгөн зууш, пирошки аваад л иддэг, Өдөр хоол идэх дуршил тааруухан, гэсэн хирнээ орой гэнэт их иддэг гэх мэт асуудлууд бидний хувьд бараг л хэвийн үзэгдэл. Бид үүнийг асуудал гэж хүлээж авдаггүйд учир байна уу эсвэл хоол хүнсний тэнцвэртэй, зохистой хэрэглээний талаар ойлголтгүй байдагт учир байна уу?

Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний Гэр зөвлөмжд хоногийн хүнсний бүтээгдэхүүний 17%-ийг мах, махан бүтээгдэхүүн, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10%-ийг жимс, 23%-ийг хүнсний ногоо, 40%-ийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэ шиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар заасан байдаг. Мөн аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож, зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг.

1. Өглөөний хоол (дунджаар 6-8 цагийн үед) нь хүний шөнө унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол учраас зайлшгүй шаардлагатай илчлэгтэй, шим тэжээлтэй байх хэрэгтэй. Өглөөний хоолны илчлэг 400-500 ккал-аас илүүгүй, орц найрлага нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 25%-ийг өглөөний цайгаар дамжуулан авах хэрэгтэй. – Өглөө өлөн элгэн дээрээ буцалсан ус, зөгийн балтай ус, үзэмний эсвэл ээзгийний шүүс хэрэглэж занаарай. Учир нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
– Өглөөний цайгаа уухгүй алгассанаас цусан дахь сахарын хэмжээ буурч өдрийнтурш өлсгөлөн мэдрэмж төрөх, чихэрлэг юм идмээр санагдах, илчлэг өндөртэй хоол хүнс ихээр хэрэглэхэд хүргэдэг. Энэ нь илүүдэл жин, таргалалтад нөлөөлөхөөс гадна ядрах, эрч хүч сулрах, мартамхай болох, сэтгэл хөдлөлөө хянах чадвар сулрах, төвлөрч чадахгүй байх зэрэг сөрөг нөлөөтэй.

Бага үдийн (дунджаар 10 цагийн үед) буюу завсрын хоолоор өглөөний хоолны шингэцийг сайжруулах ба бага хэмжээгээр хачиртай хар талх, ногоон цай, сүү, салат хэрэглэх нь зохимжтой. Энэ нь хэт их идэхээс сэргийлж, жингээ барихад тусална. Бага үдийн хөнгөн зуушны илчлэг 200-300 ккал-аас илүүгүй, орц найрлага нь нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 10-15%-ийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байна. Өглөөний болон өдрийн хоолны хооронд тэжээллэг боловч илчлэг багатай зууш идсэнээр өдөрт зарцуулах энергийнхээ нөөцийг нөхөхөд тусалдаг.Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох нь бие махбод шим тэжээлийг шингээхэд илүү хялбар байдаг.

Үдийн хоол (дунджаар 13 цагийн үед) нь хооллолтын үндсэн хэсэг. Учир нь энэ үед алдагдсан илчлэг, тэжээлийн бодисыг нөхөх ёстой. Үдийн хоолны илчлэг 800-1000 ккал орчим, орц найрлага нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 35-40%-ийг авах хэрэгтэй. Уургаар баялаг мах буюу загасны хоолыг ногоо будааны хачиртай хамт идэхдээ амин хүчлийн зохимжтой байдлыг харгалзан сонгох нь зүйтэй.

Үдийн дараах (дунджаар 16 цагийн үед) хоол үдийн хоолны шингэцийг сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ бага хэмжээгээр хачир, салат зэрэг хөнгөн хоол хүнс хэрэглэх нь зохимжтой. Үдийн дараах хоол болох хөнгөн зуушны илчлэг 200-300 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 10-15%-ийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байна.

Оройн хоол (дунджаар 18-19 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядралыг тайлах зорилготой унтахаас дор хаяж 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, орц найрлага нь нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 15-20%-ийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байна. Хөнгөн, шингэц сайтай, сүү ногоо, будаа, өндгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэвэл зохимжтой.

Ус: 24 цагийн эрүүл тэнцвэртэй хооллолтын нэг чухал хэсэг нь усны тэнцвэрт хэрэглээ байдаг. Хүн өдөрт 1,5-2 литр шингэнийг 6-8 аягаар бага багаар уух ёстой. Өглөө босоод 100-200 мл бүлээн ус уувал бие организмыг сэргээж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулах үр нөлөөтэй. Ус болон бусад шингэн зүйлсийг өдрийн хоолтойгоо хамт хэрэглэхгүй байх нь зөв. Учир нь хоол боловсруулалтыг удаашруулдаг тул хоолноос өмнө 30 минутын турш, хоолны дараа 2 цагийн турш шингэн уухгүй байх хэрэгтэй.