МУГЖ Х.Төмөрбаатарын дуу хоолой зүрх сэтгэлд эгшиглэнэ


Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай, Сайн байна уу, Улаанбаатар зэрэг дуугаараа Монголын ард түмэндээ хайрлуулан хүндлэгдсэн Улсын филармонийн гоцлол дуучин МУГЖ Хайдавын Төмөрбаатар бурхны орондоо заларчээ.

Тэрээр Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр дүүргэжээ. Ингээд 1969 онд анх Баян Монгол чуулгатай хамтран дуулж байсаар 1974 онд тус чуулгын жинхэнэ орон тооны дуучин болжээ. Түүнийг Сочид Олон улсын эстрадын дуучдын тэмцээнд оролцоод тэргүүн байр эзлэхэд Оросын нэг сонин дээр “На конкурсе есть великолепный певец из Монголии. Он не только чисто поёт по-русски, у него чисто русская душа” гэж бичсэн байжээ. Үүнийг орчуулагч монголоор ингэж буулгажээ. Энэ уралдаанд Монголоос нэгэн гайхамшигтай дуучин оролцож байна. Тэр оросоор цэвэрхэн дуулаад зогсохгүй яг орос хүн шиг сэтгэх юм… гэж.

Түүнийг 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдэгээр шагнасан юм.