Монголоос Холливудад гялтагнасан Б.Ганчимэг буюу Гана


Холливудын ертөнцөд монгол бүсгүй цахиур хагалж явна. Жүжигчин, загвар өмсөгч Баярсайханы Ганчимэг буюу Гана Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран Waiting for the Barbarians буюу Зэрлэгүүдийг хүлээхүй киноны гол дүрийг бүтээснээр эх орондоо төдийгүй дэлхий даяар танигдаж эхлэв.

Гэхдээ тэр үүнээс ч өмнө Холливудад гялтагнаж эхэлсэн юм. Wonder Woman- Throne Room Amazon /2017 он/, Ben-Hur Khutu /2016 он/, Ex Machina- Jade /2014 он/, Intelligence– Tuva Olsen Main role– 6 episodes /2019 он/, Peaky Blinders Li 1 episode (“The Loop”) /2019 он/ зэрэг Холливудын хэд хэдэн алдартай цуврал болон нэг ангит кинонд дүр бүтээсэн.

Тэрбээр жүжигчний мэргэжлээр Лондонд суралцаж төгссөнөөс гадна GQ, Ashish, Gucci зэрэг томоохон брендүүдийн загварын шоунд оролцож байжээ. Даруухан үзэсгэлэнт бүсгүй томоохон сэтгүүлийн нүүрийг хэдэнтээ чимээд авсан. Ээжтэйгээ хамт амьдардаг Гана ганц бие гэнэ.

Тав, зургаан настай байхдаа хүүхэлдэйдээ зориулж загвар зохион бүтээж, хувцас оёдог байсан аж. Мөн Монголын өсвөр насны охидын дунд зохион байгуулдаг загварын уралдаанд оролцож шагнал хүртжээ. Тиймээс загвар бол түүний хувьд өөрийгөө илэрхийлэх гол арга хэрэгсэл нь юм. Түүнчлэн өөр өөр зан араншинтай дүрд тоглохыг их хүсдэг гэнэ.