Эгч дүүс номыг худалдан авч хүүхдүүдэд дэм хайрлаарай


АНУ-ын комик зураач Рейна Телгемайер өөрийнх нь амьдралд тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхийг комик зургийн аргаар өгүүлсэн Эгч дүүс хэмээх номыг 10 настай Б.Мөнх-Амин орчуулжээ. Түүнд анх уг номыг ээж нь Америкаас авчирч өгсөн байна. Энэхүү номыг уншихараа түүнд гоё санагдаад дахин дахин уншдаг байж. Нэг өдөр аав нь тус номыг орчуулах санал тавьснаар 30 гаруй удаа уншсаны эцэст орчуулга нь бэлэн болжээ.

Энэ номонд эгч дүүс хоорондоо эвтэй байж, нэг нэгнийгээ хайрлах тухай гардаг болохоор эдгээрийг хүүхдүүд ойлгож аваасай гэж энэхүү номыг орчуулсан гэдгээ Б.Мөнх-Амин онцлов. Ялангуяа эгч дүүс бие биенээ маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн санааг Эгч дүүс номондоо тусгасан аж. Дөрвөн настайгаасаа Англи хэл сурсан тэрбээр номынхоо орлогоос олсон мөнгөө хадгаламжиндаа хийх бөгөөд талыг нь сайн үйлсийн аянд зарцуулах гэнэ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахыг маш их хүсдэг. Үүнийгээ биелүүлэхээр бяцхан охин ийнхүү хөдөлмөрлөжээ.