Гавьяатгүй олны танилууд


Авьяас, чадвараараа бусдаасаа онцгой хийгээд бүтээсэн дүр, хийсэн гавьяа нь түмний нүдэнд илхэн байж хайр хүндлэлийн хүлээсэн олны танилууд олон бий. Өөрөө мөнх бусыг үзүүлсэн ч бүтээл нь хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Монголын урлагт шинэ өнгө төрхийг бүрдүүлж, үзэгчдээ сайхан таашаалыг олгодог нэлээд хэдэн уран бүтээлчдийг ард түмэн ГАВЬЯАТ авчихаасай хэмээх болжээ. Тухайлбал, Жүжигчин Г.Ундармаа, жүжигчин С.Болд-Эрдэнэ, бүжигчин Б.Саруул гээд цааш энэхүү жагсаалт үргэлжилнэ.

Жүжигчин Гончигийн Ундармаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлээрээ олны мэлмий, сонорыг баясгаж чадсан кинонуудыг туурвиж яваа. Тэрбээр 1991 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10-н жилийн 2-р дунд сургуулийг төгсөн, 1991-1995 онд СУИС -ийг кино драмын жүжигчин мэргэжлээр дүүргэсэн байдаг. Ингээд Эрдэнэт хотын театр, Шинэ үе продакшнд жүжигчинээр ажиллаж байсан юм. 2013 онд өөрийн UFilm Уран Бүтээлийг Нэгдэлийг үүсгэн байгуулж

Сингли Лэйдс 1,2,3,4р анги, ТюТю, Амьдралоги, мөн анхны тайзны уран бүтээл болох Ангарагаас ирсэн эмэгтэй модерн жүжгээ олонд хүргэсэн. Түүнчлэн уран бүтээлийнхээ хажуугаар сайн үйлсийн ажлыг тасралтгүй хийж яваа нэгэн. Итгэлийн танхим ТББ-ыг үүсгэн байгуулан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой орчинг бий болгоход хувь нэмрээ оруулсан түүнийг Эрүүл мэндийн салбараас үнэлэн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байв.

Сугарын Болд-Эрдэнэ тайз, дэлгэцийн бүтээлд гялалзаж яваа жүжигчдийн нэг. Тэрбээр анх Надаар тоглосон хайр жүжигт тоглон драмын театрын тайзнаас олны танил болсон. Түүний бүтээсэн олон арван жүжгийн дүрээс Гамлетаар үзэгчид түүнийг илүүтэй үнэлж, бас нэгэн өөр ертөнцөөр аялуулж чадсан юм. Түүний аавыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар агсан гэдгийг мэднэ. Урлагийн гэр бүлээс удамтай Болд-Эрдэнэ жүжиглэхээс гадна дуулах авьяастай. Драмын дөрвөл болох Эби, Пара, Амгааг өдгөө танихгүй тэдний дууг аялж үзээгүй залуус ховор. Хөлтрөг киног найруулж үзэгчдээс чамгүй магтаалыг сонссон.

Одоогоос найман жилийн өмнө тэрбээр ээжтэйгээ хамтдаа Алтангадас одонгоор шагнуулж байсан юм. Түүний ээж Нэргүй улсын драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад өдгөө СУИС-д багшилж яваа.

УДБЭТ-ын гоцлол бүжигчин Баясгалангийн Саруул Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуульд бага ангиа төгсөөд дунд ангиасаа эхлэн Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид элсэн орж энэхүү урлагт хөл тавьжээ. Тэрбээр зургадугаар ангид байхдаа Шелкунчик жүжгийн Машагийн дүрээр анх тайзнаа гарч байв. Харин ажилд ороод найруулагчийн түүнд өгсөн дүр нь

Хунт нуур бүжгийн хар, цагаан хунгийн дүр байлаа. Уг дүрд тоглосон бүжигчин бүр өөрийн арга барилаар үзэгчдэд хүргэдэг аж. Мөнгөн мод наадмаас шилдэг бүжигчин шагналыг хүртэж байв. Жизель балетыг Өмнөд Солонгосын Wise Ballet Theater, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран 24 хүний бүрэлдэхүүнтай яваад амжилттай тавьсан.

Өдгөө түүнийг П.И.Чайковскийн Хунт нуур балетын цагаан хар хун, А.Аданы Жизель балетын Жизель, П.И.Чайковскийн Щелкунчик балетын Маша гүнж, Нойрсож буй гүнж балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь андахгүй.