Д.Дагвадорж: Цирк, циркээрээ байгаа. Намайг Y хсэний дараа юу юм гэхээс


Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг холбогдох байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин хувьчлагдсан соёлын байгууллагуудын талаар Соёлын сайд С.Чулуунаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн П.Анужин “Цирк, кино үйлдвэр зэрэг байгууллагуудыг менежментийн хувьчлалаар хувьчилсан байдаг. Уул уурхай дээр улсын зардлаар хайгуул хийсэн газрыг улс буцааж авна гэдэг зүйл бий. Цирк, кино театруудыг тухайн үеийнхээ хуулийн дагуу гэрээ хэлцэл хийгээд авсан байх. Харамсалтай нь хувьчлал дагаад энэ салбарууд унасан. Энэ тал дээр Соёлын яам ямар бодлого баримталж байна вэ. Эргэн ярилцаж, тодорхой тохиолдолд менежентийн хувьчлалаар авсан хүмүүсийг хохиролгүй болгох яриа хэлэлцээрүүд хийх боломж бий юу” гэдгийг тодрууллаа. 

Харин Соёлын сайд С.Чулуун “Соёлын яам энэ асуудал дээр тодорхой бодлого баримталж байгаа. 1990 оноос хойш хамгийн их асуудалд өртсөн салбар бол соёлын салбар. Эхнээс нь бид газруудтай танилцаж байна. Цирк гэхэд циркийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, хүүхдүүд шороон дээр тоглож байна.

Бид ажлын хэсэг гаргаад эрх зүйн гэрээ, холбоотой бүх зүйлийг судалж байгаа. Кино үйлдвэр дээр энэ долоо хоногийг сүүлээр очиж, танилцана. Ажлын хэсгийн хийсэн дүгнэлтийг танд хүргүүлэх болно. Энэ асуудал дээр манай яам онцгой анхаарч байгаа” гэдэг хариулт өгөв.

Харин тэртээ 2014 онд О.Магнай буюу тухайн үеийн ШӨХТГ-ын даргын үүсгэсэн Циркийн асуудлаар АСА циркийн захирал, Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, циркийн ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар ийм мэдээлэл өгч байсан билээ.

ШӨХТГ-ын мэдэгдэл цагааныг хараар будсан явдал хэрээс хэтэрлээ. Манайд явуулсан бичиг баримттай танилцахад бодит байдалд үл нийцэх тоо баримт байсан. Бас албан бичиг дотроо сар өдөр нь буруу, гараар зассан засвартай байх жишээтэй. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй гэдгийг хатуу хэлье гэдгийг хурлын эхэнд хэллээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө.

-ШӨХТГ-ын дарга О.Магнай цирк цирк биш болсон гэдгийг мэдэгдсэн. Та бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?

-Циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. ШӨХТГ-аас мэдэгдлийн дараа гэхэд Галын домог гээд тоглолт явагдсан. Өнөөдөр монголчууд цирк үзэхээ больчихсон. Яамдын сайд, дарга нарт бүгдэд нь урилга өгдөг ч хэн ч ирдэггүй.

-Циркэд өнөөдрийн байдлаар хэдэн уран бүтээлч ажиллаж байгаа вэ?

-АСА циркэд 135 уран бүтээлч гэрээгээр ажиллаж байна. Гэтэл 68 гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. Би өөрийгөө зөвтгөх гэж яриагүй. Бид циркийн болон урлаг соёлын тоглолтынхоо PR-ыг дутуу дулимаг хийсэн тал бий. Гэхдээ засна. Циркийн алтан манеж өнөөдөр сүйрээгүй шүү. ШӨХТГ-ын О.Магнай хувьчлагдсан урлаг соёлын бусад байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгааг шалгаач. Од, Ард, Сансар, Хөдөлмөр кино театр хаана байна. Тэрнээсээ эхэлж ажлаа хий. Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг битгий дайр.

-Таныг анх хувьчилж авахад ямар байсан бэ?

-Монголын циркийг хувьчилж авсны хүчинд өдий зэрэгтэй явж байгаа. Анх намайг хувьчилж авахад дээрээ ёолтойсон гуравхан гэрэлтэй байсан. Мал нь хөгширчихсөн. Үндсэндээ голомтондоо цоггүй л байсан үед нь авсан.

-Менежментийн гэрээгээ зөрчсөн гэдэгт ямар тайлбар өгөх вэ?

-Менежментийн гэрээний хугацаа нь гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн дараа дуусгавар болчихсон. Энэ хувьчлал төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34.1.6-д заасан аргын дагуу менежментийн үр дүнг харгалзаж хувьчилсан. Хугацаа нь дууссаны дараа Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад, холбогдох төлбөрөө төлөөд хувьчилж авсан. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол яваад байгаа.

-Ямар ашиг сонирхол гэж?

-ШӨХТГ АСА циркээр яах гэж оролдоод байгаа талаар нэлээд хэд хоног бодлоо. О.Магнайг 2016 оны сонгуульд СХД-ээс нэр дэвших талаар мэдээлэл байгаа. Тэр дүүргээс миний ах Сумъяабазар УИХ-д сонгогдон ажилладаг. Эндээс ашиг сонирхлын зөрчил байна уу гэж үзэх магадлалтай. Хуулийн дагуу өмчилж авсан өмч учраас улс төрийн золиос болгохоор шантаачилж байгаа бол хатуу тэмцэнэ шүү О.Магнай. 2008 оны долдугаар сарын 1-нд Монголд болсон үйл явдлыг хэн өдөөн хатгасан билээ. Таван хүний амь насны төлөө хэн буруутай вэ. Тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг намайг мандуулж явахад О.Магнай юу хийж байсан юм. Би үнэхээр бухимдаж байна. Цирк, циркээрээ байгаа. Байх ч болно. Намайг үхсэний дараа юу юм гэхээс.

-Аса цирк улсад хэчнээн төгрөгийн татвар төлдөг юм?

-Намайг циркийг үнэгүй авчихсан гэж бодоод байх шиг байна уучлаарай. Манай цирк улиралд улсад 80 сая төгрөгийн татвар төлдөг.