Дансаа өгчих, ах аа


Өнөөдөр өглөөг хачин гоё мэдрэмжээр эхлүүллээ. ХМК-Офицер чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн өмнөх зогсоол дээр ирэхийн өмнөхөн залуу бүсгүй цүнхээ ухан байдгаараа сандарч Миний түрийвч алга байх юм гэж олны дунд итгэлгүйхэн асуулт тавив.

Тэгтэл буух хаалганы хажууханд зогсож байсан түүнтэй үе чацуу залуу Наад хүн чинь авсан гэж бүсгүйн хажууд зогсох настайвтар ах руу заалаа. Өнөө ах цүнхээ уудалж түрийвчийг гаргаж өгөөд Энэ мөн үү гээд бүсгүй өөд гар сунгавал өнөөх нь сүрхий том харснаа шүүрээд авав.

Ах /А/: Түрүүн шалан дээр хэвтэж байхад нь олсон юм. Би эзэн нь байна уу гээд асуусан даа, уг нь гэвэл түүний энэ үйлдлийг хэн нэгэн нь гэрчилж Тийм шүү. Энд түрийвч байна гээд асуусан. Би харсан гэвэл бүсгүй сая тайвширч

Бүсгүй /Б/: Өө яаанаа ахаа танд маш их баярлалаа.

А: Гээчихсэн байхыг нь би олоод одоо яах ёстой юм бол доо, жолоочид нь өгчихдөг юм уу гэж хэсэг бодсоноо юу ч гэсэн аваад бууя. Буугаад утасны дугаар нь байвал хүргээд ч болтугай өгье гэж санаж байлаа.

Б: Үнэхээр баярлалаа ах аа. Миний энэ цүнх ганцхан кноптой. Сая чихцэлдээд тэгээд онгойгоод түрийвч уначихаж л дээ.

А: Цүнхээ урдаа бариад явж бай, ахын дүү. Хэдэн жилийн өмнө би бас утсаа алдчихсан юм. Тэгсэн олсон хүн нь миний утсаар хамгийн сүүлд залгасан танил руу маань яриад манайхыг заалгаад тэгээд бүр гэрт авчраад өгч байсан. Олон жилийн өмнө л дөө.

Б: Та олдог нь ямар их аз вэ. Би бүр нөгөө болохгүй хүмүүс нь авчихсан байх гэж бодоод за өнгөрсөн гээд асуухгүй бууя гэснээ гомдлын мөр гээд буухаасаа өмнө асуусан нь зөв боллоо шүү. Хамаг бичиг, баримт байсан юм. Танд ёстой их баярлалаа.

Алдсан, олсон хоёр ийнхүү дотно яриа өрнүүлсээр Сүхбаатарын талбай дээр хамтдаа буулаа. Буусан даруйдаа бүсгүй Ах аа, та надад дансаа өгчих. Би танд баярласан сэтгэлээ илэрхийлээд 10 мянган төгрөг шилжүүлье гэсээр тэр хоёр толгой нийлүүлэн дансаа тулгасаар ард үлдэв. Энэ хамгийн гоё нь.

Хүн хүндээ туслах хамгийн сайхан зүйл. Өчнөөн олон жилийн өмнө ахын гар утсыг гэрт нь хүргэж өгсөн танихгүй хүн танд баярлалаа. Таны сайхан сэтгэлийн хариуг ах сая энэ бүсгүйд барьчихлаа. Одоо бүсгүй өөр нэгний гэрт Та цүнхээ гээсэн үү гэсээр хайгаад очих ч юм бил үү. Нийгэмд гэрэл түгээнэ гэдэг энэ. Нэгэндээ тустай, дэмтэй явахын сайхан нь энэ. Түрийвч олсон ах, түүнд талархсан бүсгүй хоёроос энэ өглөөг, өнөөдрийг ч хайрлаад л баймаар хачин гоё мэдрэмж тээгээд автобуснаас буулаа.

Ахыг зураглавал нэг ийм. Гэрэл зургийг https://www.facebook.com/Battulgaphoto/ хуудаснаа ашиглав


НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ