С.Жавхлангийн харамсал ба гомдол


2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд сонгогдоогүй Самандын Жавхлан дуучин нь сонгуулийн үр дүнг хүлээн авсныхаа дараа бодож байгаад гаргасан реакци нь стандарт сэтгэлгээтэй хүмүүст сонин байх шиг байна лээ.

Надад бол гаргах л ёстой реакци байсан гэж бодогдсон.   Эрүүл ухаантай, эрчим өндөртэй, нийтэд танигдсан, ховорхон төрөх, нутгаа гэх сэтгэлтэй, зүтгэлтэй, нутаг орноо бүрэн бүтнээр нь байлгахын төлөө тэмцдэг, одоогийн дэлхийн нийтийн ойлголтоор бол холливудын од гэдэг шиг, Монголын ОД хүнээс бол зайлшгүй гадагшлах л ёстой эрчим хөдөлгөөн мөн.   Харин хэлбэр нь ямархуу байх, хэтийдсэн эсэх нь тусдаа асуудал байх. Ямар нэгэн хөдөлгөөн, хариу үйл үзүүлэхгүй байх боломж үгүй байсныг ойлгож болно. Ер нь ганц С.Жавхлан ч бус эрүүл ухаантай хэн ч байсан харамсаж халагламаар байдалтай л байсан даа, Увсынхан маань.2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр. С.Жавхлангийн гаргасан энэ үйлдэл нь 1700-аад оны сүүлчээр Говь нутагт төрж өсөөд эр бяр нь гүйцсэн байхдаа олон хошуу нутгийнхан цугларсан наадамд барилдахынх нь өмнө мөрий амлалт өгч байгаад түрүүлснийх нь дараа өндөр бай шагнал амласан нутгийн ноён нь нутагтаа буцаж очоод амлалтаасаа буцаж, хэлсэндээ хүрээгүйд дургүйцсэн Хур харцага бөх нь ноёнтойгоо тэрсэлдэж нутгаасаа хөөгдөхдөө энэ нутгийн чинь сайн бөх надаар дуусаг гэж хэлээд зодог, шуудаг буюу далбаагаараа газар шавхуурдаад өөр нутаг руу гэрээ үүрээд, ээжийгээ дээр нь суулгаад явж одсон гэдэг домогтой агаар нэг буюу утга чацуу л үйлдэл болсон мэт бодогдож байсан.

Ер нь Увсынхан өөдтэй өнгөтэй яваачууддаа атаархаж, жөтөөрхөж, өсөрхөж, хорсож, хорлож, үзэн ядаж явдаг хүмүүс олонтой нутаг бололтой. Олон жилийн өмнө Дархан аварга Х.Баянмөнх гуай өөрийнх нь төрсөн нутаг Хяргас сум багтсан УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшсэн гэнэ л дээ. Тэгэхэд Х.Баянмөнх аваргын төрсөн газар, аав ээжийнх нь гэрийн буйр байдаг багийнхан дундаас ердөө ганцхан хүн Х.Баянмөнх аваргад саналаа өгч байсан гэдгийг Хяргас суманд уулзалт хийсний дараа тэндэхийн нэгэн хүн надад хэлж байв. Тус багийн сонгогчид дунд Х.Баянмөнх аваргатай бага ангид хамт суралцаж байсан хоёр ч хүн байсан гэнэ.Тэр хоёрын нэг нь ангийн найздаа нөгөө нь МАН-ын нэр дэвшигчид саналаа өгсөн нь тэр юм байх.   Ер нь МАН-ын гишүүн, дэмжигч байж хааяа дөрвөн жил тутамд цөөхөн удаа олддог хулгай, луйврын гаралтай сохор зоосны шавхруу бол зөвхөн Хяргаст төдийгүй Увс аймгийн олон сум, баг, хороонд нутаг усны бүрэн бүтэн байдал, аав ээжийн ачлал энэрэл, ах эгчийн түшиг тулгуур, хамаатан садангийн нөмөр нөөлөг, анд найзын ач тус, үерхэл нөхөрлөлөөс дээгүүр түвшинд үнэлэгддэг болохыг би ч бас мэдэрлээ.   

Зөвхөн Хяргасын ч бус, Увсын ч бус, Монголын ч бус, Дэлхийн хэмжээний алдартан, суутан, аугаа их Х.Баянмөнхөд тэгж хандаж буй хүмүүс чинь мань мэтэд яаж хандах нь нүүрэн дээрээс нь тодорхой л харагдаж байна лээ л дээ.Нутаг орноос нь төрсөн Х.Баянмөнх, С.Жавхлан мэт иймэрхүү хосгүй эрчим, чадвар, эрдэм, энергитэй хүмүүсээ нам хэмээх юу ч бус хорлон сүйтгэл-ээс долоон дор үзэж гомдоосоор байвал тэр нутагт дахин Х.Баянмөнх, С.Жавхлан шиг нь төрөхгүй болчих вий гэх эмзэглэл төрснийг нуух юун. Сайн хүмүүсээ гомдоовол яадаг болохыг Хур харцагын домог харуулсаар байна шүү дээ.   

Увс аймгийн 15 дугаар тойрогт нэр дэвшсэн Галзад овогт Цэдэвийн Өлзийтогтох