Шар тос, цагаан гаа, үхрийн нүдний навчаар ханиад эмчлэх арга


Хүйтэн сэрүүний улиралд хүний биеийн дархлаа муудсанаас амархан ханиад томуу тусдаг. Ханиад үүсгэх нянг халдварлах замаар нь энгийн болон халдварт ханиад гэж хуваадаг. Ханиад хүрсэн бол шууд эмээр намдаах бус эмийн бус аргаар эмчлэх нь тустай.  Уламжлалт эмээр дархлаа дэмжих, эмийн бус аргаар ханиад дарах аргуудыг зөвлөж байна. Юуны түрүүнд ханиад нь хүнд хөнгөнөөс хамаарч эмчилгээг тасралтгүй хийх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

Дархлаагаа сайжруулах:

 Сэтгэл санаагаа тайван байлгах, сайн унтаж амарч хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, агаар салхинд тогтмол гарснаар таны дархлаа дэмжигдэнэ. Уламжлалт  тангаар дархлааг дэмжихийн тулд хүний биеийн хүч тамирыг тэгшитгэж бодисын солилцоог сайжруулж хэвийн байдалд барих тан эм уувал зохистой . Мөн Мана 4, Норов7 гэдэг тангуудыг ууж болно. Бүх насныхан  хэрэглэж  болох эдгээр тангуудыг өдөр тутамдаа хэрэглэж болох ч нас насны онцлогоос хамаарч хэрэглэх тун нь өөр өөр байна.

Тухайлбал 0-3 хүртэлх насны хүүхэд нэг тунгаар, түүнээс дээш насныхан  хоёр тунгаар ууж хэрэглэнэ. Энгийн үед өдөрт 1-2 удаа, дархлаа суларсан үед 3-4 тунгаар буцалгаж халуун бүлээнээр нь хоёр цагийн давтамжтайгаар ууна. Ингэснээр бодисын солилцоо сайжирч дархлааг дэмжигдэнэ.

Шар тосоор  эмчлэх:

Шөнө унтахгүй ханиалгаж байгаа хүүхэд болон том хүнд хоолой болон ар нуруу уушгины хавьцаа шар тосоо түрхээд халуун гараагаа сайн илж, төөнөж өгвөл ханиалга  намддаг. Мөн хүүхдийн нус гоожоод байвал хамрыг цэвэрлэж байгаад шар тосоо бүлээсгээд дусаавал нян бактерийг устгадаг.

Сармистай сүүгээр ханиад дарах:

Буцалсан нэг аяга сүүнд  зөгийн бал, 3-5хумс сармис жижиглэн хийгээд унтахынхаа өмнө халуунаар ууж хөлөргөн хөнжилдөө орох нь ханиадыг маш сайн дарж өгдөг.                                                                                

Үхрийн нүдний навчаар ханиад дарах:

 Нэг хоолны халбага үхрийн нүдний хуурай навч дээр аяга буцалсан халуун ус хийж хандална. Ингэхдээ 4 цаг дарж хандлах бөгөөд өдөрт 4-5удаа 125мл-ийг ууна.                                                                                                    

Чацарганаар ханиад дарах: 

Хий ханиалгаад байгаа үед  200 гр усанд сайн нухаж няцалсан 10 гр чацаргана хийж 30 минут буцалгана. Бэлдсэн шингэнээ өдөрт гурван удаа хоолны халбагаар ууна.  

 Цагаан гаагаар ханиад дарах: 

Хумсны  толионы дөрөв хуваасны  нэг хэмжээтэй цагаан гааг ханиад хүрсэн үедээ 250мл сүүнд хийж буцалгаад,унтахынхаа өмнө ууж хэрэглэнэ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны Их эмч Л.Энхтунгалаг