Б.Тамир: Яагаад гэвэл бүтэн зургаан жил зөндөө алдаад ямар байдгийг нь үзчихсэн хүмүүс ш дээ


Өнгөрдөг жил манай Фантастик продакшны 10н жилийн ой болсон юм. Яг ний нуугүй хэлэхэд 10н жил юу хийсэн юм бэ гэж хэнд ч бодогдохоор байгаа биз.

Хаана байсан юм, юу хийсэн юм. Сүүлийн 3, 4н жил л хүмүүс мэдэж эхлэж байгаа. Тэрний өмнөх 6н жил юу хийсэн бэ. Тэр хамгийн чухал байхгүй юу. Анх чинь бид нар аймар олуулаа байсан. Дөнгөж төгсчихөөд л итгэл сэтгэл бүх юмаараа будаа болгоно гэсэн залуучууд театрт жүжиг хийхээр боллоо. Манай хэдэн залуу жүжигчид бид нарт туслаад л маркетингаа хийгээд л, билет нь зарагдаад л. Тэгээд бүх юм нь бэлэн болчихсон яг нөгөөдөр нь жүжиг маань нээх гэж байхад огт төлөвлөгөөгүй байсан шалтгааны улмаас бүтэлгүйтээд алдаж байсан. Оруулсан бүх мөнгөө л бид нар тэр чигт нь алдчихсан. Бид хэд бүтэлгүйтсэн мөртлөө алдчихлаа гээд болиогүй тоглох ёстойгоороо жүжгээ тоглосон.

Үзүүлэх байсан нийт хүмүүсийнхээ аймар жаахан хувьд нь ч гэсэн дүүрэн хүмүүст үзүүлж байгаа юм шиг л сэтгэлээсээ жүжгээ тоглоод л дуусгаж байлаа.

Хамгийн анхны шаталтын гараа тэгж тавигдаад тэрнээс хойш цаашаагаа 6н жил өнхөрчихсөндөө. Тэгээд төгсөөд удаагүй байхдаа бид нар олон ангит инээдмийн кино хийхээр боллоо. 40н ангитай. Хясалдаа гээд нэртэй. Манайхан бүгд ороод павильоноо засаад 14н хоног зургаа аваад байж байсан хөрөнгө оруулалт зогсоод аймар олон сая төгрөг салхинд пффт. Кино ч байхгүй, мөнгө ч байхгүй. Павильонд баахан хэрэггүй тавилга бас өр л үлдсэн. Бид хэд дахиад л шатсан алдсан. Төлөвлөгөөгүй ажилласан, бүх юмаа баа бээгүй болгох ёстой байсан юмаа хийж чадаагүй байхгүй юу.

Бид хэд бөөнөөрөө мөнгөө цуглуулаад бас анхны киногоо хийх боллоо. Зураг авалтынх нь 80% хийгдээд байж байсан манай кинонд тоглож байсан 360 градусын Темка гэж байдаг байсан, нөгөө бүдүүн. Тэр маань бурхан болсон. Тэгээд бид нарын хөрөнгө оруулсан кино байхгүй болсон. Ажлынхаа өрөөнд ороод л шаналаад л тамхи татаад л мөнгөнөөс болж биш найзыгаа алдсандаа шдээ. Бид нар өөр хүн орлуулаад тоглуулчихаж болох байсан ч тэгэхийг хүсээгүй. Найзтайгаа хамтарч тэр бүтээлийг гаргана гэж хэлчихээд байхгүй болонгуут нь бид нар тэгж хийж болохгүй байхгүй юу. Ам бол ам. Тэгээд тэр киног бид нар шууд авдарласан. Манайхан авдарлана гэж ярьдаг байхгүй юу. Тэр киноны хальс 80% тайгаа бид нарын сэйфэнд одоо хүртэл байж л байгаа.

Гэх мэт зүгээр тоочоод байвал зөндөө л шатаж бас алдаж явсан түүхүүд байгаа. Тэр үед чинь би өрхийн тэргүүн болчихсон, нялх хүүхэдтэй, байрны лизинг төлдөг амьдрал тийм ч амар байгаагүй шдээ. Тэр анх эхлэж байсан 13н хүнээс 3 нь л энэ бүх хугацааны дараа үлдсэн байдаг юм. Бид 3 ажлынхаа өрөөнд юм ярьж чадахгүй, яг яахаа мэдэхгүй, үнэхээр жаахан шантарчих гээд гацаад байж байтал гаднаас манай найз ороод ирсэн. Бид нар ийм юм болсон барьсан ч гэж хэлээгүй байсан чинь найз маань за одоо хамтарч ажиллая гээд л гэнэт ороод ирсэн.

Надад яг хувь заяаны дуудлага шиг л санагдсан. Дараа нь дахиад ганц 2 хүмүүс нэмэгдэж орж ирээд тэгээд л бүх юм нээгдээд нээгдээд л явчихсан. Аймар сонин. Тэгээд тэрнээс хойш бид нар харин ч ёстой нэг алдаагүй, шатаагүй дээ.

Яагаад гэвэл бүтэн 6н жил зөндөө алдаад ямар байдгийг нь үзчихсэн хүмүүс шдээ. Алдсан юмнаасаа суралцаж болдог учраас алдаа үргэлж оноо байдаг байхгүй юу. Одоо манай гаргаж байгаа бүх төслүүд бүгд л амжилттай явж байгаа. Сая жишээлбэл корона гэхэд бид нар нөхцөл байдалдаа тохируулаад менежментээ өөрчилсөн. Заавал ч үгүй кино театрт хүмүүсийг үзүүлэх албагүй гээд өөр платформ дээр киногоо тавьсан чинь тэр маань бүр рекорд тогтоосон. Юманд баригдмал байхгүй, өөрчлөлтөөс айхгүй байсны л үр дүн шүү дээ.

@CHOIRONGOO