Яагаад Moнгoл ядyy байгааг сануулах мэт


Энэ хоёр талын сөргөлдөөнөөс гурван зүйлийг ойлгож буй байлгүй эрх биш.
Нэгт рекламдаж буй юм бүхэн үнэн биш, сайн биш. Нэг нь мөнгө төлж, нөгөөх нь мөнгө авч магтдаг. Үзэгчид яг тийм мэт итгэж хэт автдаг. Хэрэгтэй хэрэггүй бараа таваар үйлчилгээ авч дэмий зарлага гаргадаг. Хамгийн сайн үйлчилгээ бүтээгдэхүүнд реклам хэрэггүй шүү дээ үнэндээ.

Хоёрт Монгол хүн ажил хийж чаддаггүй. Аяга угааж чадахгүй халтартуулдаг гэсэн үг биш. Маш сайн угаадаг. Харин маргааш угаана гэчихээд маргааш нь ирдэггүй. Өнөөдөр өглөө угаана гэж тохирчихоод үдээс хойш ирдэг гэх мэт. Хувийн зохион байгуулалт, хариуцлага, хэлсэндээ хүрэх ёс суртахуун бараг үгүй. Хүн цалинжуулж ажилд авч үзсэн хүн бүр үүнийг хэлэх байх.

Гадаадад ч тэр зангаа тавьдаггүй. Залуус шоудсан гэж урд өдөр нь ажил таслаад, маргааш нь бас цагаасаа хоцорч ирэхэд Япон дарга “Монголд цаг байдаггүй юм уу, ажил гэж байдаггүй юм уу. Монголд ямар ажил хийж байсан бэ гэж билээ. Хариуд нь нөгөө хоёр, ажил хийж байгаагүй, сургуулиа төгсөөд шууд ирсэн гэж байв.

Яагаад тэгж асуусан гэхээр орон орны оюутнууд тэнд цагийн ажил хийж байгаа. Гэтэл зөвхөн Монголчууд л хоцордог, тасалдаг. Аргаа барахдаа Монголд цаг байдаггүй юм уу гэж байгаа нь тэр. Сургуульд нь юу заадаг, ямар улс байдаг бол чааваас гэж бодсон нь дамжиггүй.

Яагаад гэхээр японд цэцэрлэг, сургуульд байхаас нь бусдад төвөг удахгүй, хариуцлагатай зөв иргэн болохыг үе шаттайгаар зааж сургадаг. Бусадтай өрсөлдөх, бусдаас илүү онц сурах, шалгалтанд сайн дүн авах зэрэг нь тийм ч сонин биш. Шалгалт бараг байдаггүй. Байсан ч тэр сурагч өөрийгөө шалгах л сорилт гэсэн үг. Дүнг нь зөвхөн өөрт нь үзүүлнэ. Хэн нь хэд сурдагийг бусад нь мэдэхгүй. Хэр ёс суртахуунтай болохыг л гадарлана.

Японы бахархал юу вэ гэж сэтгүүлч асуухад Самурайн эрнээс эхтэй, өндөр ёс суртахуунт үнэнч шудрага, тууштай, тэвчээртэй Япон ард түмэн бол Япон орны бахархал юм гэж Японы элчин сайд хэлсэн ярилцлага Монгол хэлээр нийтлэгдсэн байсан даа.

Монгол даргаас тэгж асуувал юу гэж хариулах бол. Чингис хаан эсвэл тэрийг давсан бөх, тэрнийг ялсан баатар гэх биз.

Гуравт Японд ажилласан л бол цалинг нь заавал өгнө. Тэр хүн ажил тасалж, хоцорч саад учруулсан ч яг ажилсан минут секунтээр нь тооцоод өгчихнө. Японд цалин 15 минут тутмаар бодогдож явдаг.

Үнэхээр хэцүү ажилтан байсан, тууштай биш нөхөр бол ажлаас халагдаж болно. Гэхдээ цалинг нь заавал өгнө. Өмнөх алдаанаас болоод тэр хүний дараагийн ажилд орох боломж, сайхан амьдрах бололцоо нь хумигдах магадлал бол бий. Хаана яаж ажиллаж байсан, ямар мөрөөдөл зорилготой, зорисондоо хүрч яваа юу, үргэлж больж ухардаг нөхөр үү гэх мэт өнгөрсөн түүх нь тухайн хүний ирээдүйг тодорхойлно гэсэн үг. Ажилдаа чадварлаг, чадвар муу эсэх нь бас тийм ч чухал биш. Ёс суртахуун, ёс суртахуун. Тууштай байдал.

Гэтэл Монголд ажилчид битгий хэл дарга захирлууд ч ажлаа хийж чаддаггүй. Их ашиг олдоггүй, толгойгоо ажиллуулдаггүй гэсэн үг биш. Хүнээр ажлаа хийлгэчихээд цалин өгдөггүй, ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, унждаг. Барилгын салбарт их яригддаг асуудал. Хаппи пловерт бас байж.
Өөрийн хүүхдээ орцондоо хөөж гаргаад шалдан уйлуулж, хойд эцэгээр нь зодуулж, хүчиндүүлж буй харгис хүн ард яаж хүний хүүхдийг хайрлан асрах билээ.

Ерөөсөө л Монгол хүний ёс суртахуун, зан араншин болохгүй байна. Болохгүй байгаа учраас энэ хоёрын зөрчил хурцдаж байна. Энэ хурцхан хэрүүл уйлаанд яригдаж буй бүх асуудал нь Монгол яагаад ядуу болсонг байн байн сануулах мэт.

Мартаж боломгүй бас нэг солиорол нь Сошиал контент. Тэрийг үзэж итгэж халамжаас авсан таван төгрөгөө үрж суудаг ажилгүйчүүд. Энэ бүгд үнэндээ л Монгол улам ядуурч буйг илтгэж буй мэт.
Ийм Монголчуудыг хэн бүтээчихэв гэхээр эцэг эхийн хүмүүжил, боловсролын тогтолцоо. Үнэнч шудрага зөв сайн хүн болгохыг зорьдог эцэг эх багш хэд бол. Хэнээс дээр байх, тэрнээс илүү дүн авахыг л хүүхдүүдээсээ хүсдэг мунхаг ард болсон бус уу.

Японы хөгжил дэвшил дэлхийн анхааралд байна. Бас эдийн засгийн хүчирхэг эргэлт. Японоос олон улс суралцаж байна. Харж, сонсож, хүний хөгжлийг нь хүлээн зөвшөөрч байна. Япон хүний боловсрол түүний ёс суртахуунаар хэмжигдэнэ.

Япон өдөр өдрөөр хөгжиж байна.
Гэхдээ эндээс та нар алтан эдлэлээр гангарсан, энэ оны шинэ жийп машин хөлөглөсөн, өч төчнөөн эдлэн газартай тансаг гэр бүл, тэнгэр багандсан барилга олж харахгүй.
Хуучин голдуу нэгэн жигд намхан байшингууд, савангийн хайрцаг шиг хэлбэртэй хямдхан машин, эсвэл унадаг дугуй жийсэн хөгшид. Минут тутам дөрвөн зүг найман зовхис руу давхих нийтийн тээвэр. Улаараа элэгдсэн майжига голдуу гуталтай, хямдхан даавуун өмд цамц угласан намхан голдуу ард олон. Мэдрэгчтэй биш. Товчтой утас барьсан захирлууд. Үнэтэй машин байдаг ч унаж буйгаа үйлдвэрийн ажилчиддаа үзүүлэхээс ичдэг ёс суртахуунт удирдагчидыг харна.
Ингээд бодохоор хүн гэдэг баялгаа хөгжүүлэхгүйгээр улс хөгжихгүй нь. Боловсролын тогтолцоо, Монгол хүний хөгжилд эргэлт өөрчлөлт шинэчлэлт хийцгээхийн төлөө хүн бүр хичээе.

Ням-Очир Ганчимэг Япон улс 2020. 10. 20.

https://www.facebook.com/g.nyamaa

error: Content is protected !!