Орлого муутай байж мөнгө төлж фитнест явж байхын оронд биеийн хүчний ажил хий


Ах нь энэ зургийг тавих уу, байх уу гэж эргэлзлээ л дээ. Гэхдээ олон жилийн турш миний үгийг сонсож, надад загнуулж, намайг хүндэлж явдаг шавь нартаа, дүү нартаа үлгэр дууриалал болох болов уу гэж бодоод орууллаа. Та нарын баяраар явуулдаг мессэжүүд, талархсан сэтгэгдлүүд намайг улам бүр өөрийн биеэр үлгэрлэх ёстойг байнга сануулдаг. Энэ зураг дээрх өөрчлөлт бол байдаг л зүйл, зөвхөн гаднаас харагдах өөрчлөлт.

Энэ булчин 6 pack бол надад ямар ч хэрэггүй, энэ бол зүгээр миний өөрийгөө өөрчлөх явцад бонусанд ирсэн зүйл. Миний хамгийн олзуурхдаг зүйл бол та бүхэнд харагдахгүй байгаа миний дотоод сэтгэлийн өөрчлөлтүүд. Өөрийгөө магтаж буй хэрэг огт биш шүү. Та нарт үлгэр жишээ болж, өөрийгөө өрчлөх урам зориг авах болов уу хэмээн дүү нартайгаа сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ. Энэ хугацаанд би нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа.

Би өөрийн бодсоноос хавьгүй илүү биеийн болоод сэтгэл зүйн чадамжтай гэдгээ мэдэрлээ. Урд нь би хэзээ ч өөрийгөө ультра гүйгч болж уул хадаар олон цагаар гүйж дотоод гадаадын ультра марафонд оролцож, 24 цагийн турш тасралтгүй 200 км гүйх тухай, олон өдрийн гүйлтэд оролцох, тэр бүү хэл рекорд амжилт тогтоох тухай төсөөлөх ч үгүй байлаа. Стресс, сэтгэл гутрал хүнийг таргалуулдаг болохыг биеэрээ мэдэрсэн бөгөөд стрессээ тайлж илүүдэл жингээ хасахын тулд би гүйж эхэлсэн мөн хажуугаар нь би долоо хоногийн 3 өдөр тогтмол төмөр өргөдөг байлаа. Анхандаа тийм амар байгаагүй. Больчихмоор санагдах үе олон байсан. Харин дургүй байсан ч өөрийгөө хүчилж сахилга баттай байж, шавь нартаа үлгэр жишээ үзүүлэх зорилго минь өөрийгөө өөрчлөхөд минь маш их тус болсон. Ажил ихтэй байх, залхуу хүрэх, өглөө унтмаар санагдах, урд шөнө нь шоудах зэрэг шалтаг бишгүй л байдаг байлаа. Тэр тусам нь би өглөө бүр эрт босч олон цагаар гүйж, бэрхшээлээс, айдсаасаа зайлсхийж зугтаах биш эсрэгээр нүүр тулж, өвдөлт, зовлон бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө хүчлээд үргэлж өөртэйгөө тэмцээд ирэхээр тэсвэр хатуужил сууж, хүн өөртөө итгэлтэй болдог юм байна.

Ультра гүйлтээр хичээллэсэн энэ жилүүд миний амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн: өөдрөг бодлууд, залуулаг стиль имиж, шинэ хандлага, шинэ бизнесийн боломжуудыг нээж олж харж, шинэ эрч хүчээр сэлбэж гүйлт залуу насыг минь эргүүлж өгсөн. Ультра марафонд олон удаа гүйгээд өвдөлтийг хүлээн зөвшөөрч тэрэнтэйгээ найзлаад ирэхээр амьдралын асуудлууд жижигхэн санагддаг юм байна, одоо миний айдас арилсан, материаллаг сонирхол багассан, сэтгэл минь зөөлөрсөн, мөрөөдлүүд маань биелсэн. Би үлдсэн цөөн он жилүүдийг бусдад эерэг энерги түгээж, гэр бүлтэйгээ баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл амар амгалан чанартай амьдармаар байна. Өнөөдөр би маш их аз жаргалтай сайхан байна, тийм болохоор бусдад гүйлтийн ид шидийг мэдрүүлэхийг хүсч байна. Эрүүл байх бол миний хувьд гэр бүл, хүүхдүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага гэж ойлгодог. Насны бөгсөн дээр өвчинд нэрвэгдэж хүүхдүүдээ зовоомооргүй байна. Миний дүү нар мөн шавь нар минь өдөр бүр өөрийгөө хүчилж, залхууралтайгаа тэмцэж, өмнөхөөсөө илүү сайжрахыг үргэлж хичээж байгаарай.

Илүүдэл жингээ хасах бол мангар амархан. Ганцхан залхуурлаа, өөрийгөө ялан дийлэх л чухал. Амьдралынхаа хандлагыг өөрчилж, дутагдлаа хүлээн зөвшөөрч, эрүүл амьдралын хэв маягийг сонгож, идэж уухаа зохицуулж дасгал хөдөлгөөн тогтмол хийж спортоор хичээллэх нь чиний гадна төрхийг өөрчлөөд зогсохгүй дотроосоо чамайг улам хүчирхэг болгоно. Ажлаа сайн хий, хичээл номондоо шамд, бүр цойл. Дээрээс нь ном их унш, бүр солиотой юм шиг унш. Харин гагцхүү амьдралдаа ч ажил дээрээ ч сахилга баттай л бай. Хэрэв чи бүр үнэхээр хүсвэл чамд чадахгүй зүйл гэж байхгүй. Монголчууд бүгд худалч дүр эсгэгчид Улстөрчид нь сонгогчиддоо таалагдах гэж дандаа худлаа ш**на. Төр засаг нь ард түмэндээ таалагдах гэж эдийн засагтаа хортой шийдвэрүүдийг гаргана. Залуучууд нь баян харагдах гэж бензинээ дийлэхгүй байж gas guzzler унана. Охидууд нь хөөрхөн харагдах гэж duck face гаргана, бүдүүн харагдахгүй гэсээр циститтэй. Хүүхнүүд нь харвингаа далдлах гэж корсет зүүнэ, лизингээ алдаг оног өгдөг байж гүчи мүчи цүнхтэй. Авгай нар нь хүнээс дутахгүй гэж алтан бөгж, булган дээлээр ижилсэнэ. Одоо нөгөөх нь моодноос гарчихсан. Зарах гээд хүн авахгүй, өмсөхөөр хөдөөнийх болчих гээд. Эрчүүд нь юм үзээгүй, соёлгүй бүдүүлэг зангаа гүндүүгүй гэдгээр халхавчлана. Хөгшчүүл нь, Боль боль. Бусдад таалагдах гэж хичээх чинь ядаргаа шдээ. Өөрийгөө яая гэж байж нэг л их бусдад зөвлөсөн, бүхнийг мэдэгч улсууд. Амьдрал үзээгүй хорин хэдтэй life coach гэдэг залуу маньд амьдрал заах юм гэнэ дээ. Юу ярьдаг юм гэсэн чинь гадны con artist уудын номыг уншчихсан агаарын юм яриад явна. Хэлж ярьдаг шигээ хийдэг бай, ахын дүү. Худал дүр эсгэхээ боль. Фб-д донтсон, шөнөжин ногоон гэрэлтэй, өглөө сэрдэггүй, ажилдаа хоцордог байж л профайль дээрээ Зорилготой хүн зогсдоггүй ч гэх шиг. Би лав эрүүл хооллолт ярьдаг тарган эмчид итгэдэггүй, гүзээтэй фитнесийн багшаас зөвлөгөө авахгүй, амжилтанд хүрэх арга зам ярьдаг зангиатай пацаануудыг сонсдоггүй. ФБ ийн 5000 найз цуглуулах чинь амжилт юм гэж үү? Фэйсбүүк тэр чигээрээ худал хуурмаг, хар бараан мэдээ. Тэрнийг нь ямар ч шүүлтүүргүй бат итгэдэг ард түмэнтэй. Оюуны өмчийн ойлголт байхгүй. Сэтгэл зүйч дээр очдоггүй. Гадныхан үнэгүй юм авахаасаа санаа нь зовдог бол манайхан Үнэгүй л бол өөрт нь хэрэггүй ч байсан хамаагүй авъя авъя гэдэг. Хүнд таалагдах гэсэндээ бусдын бичсэн, орчуулсан постыг копи пейст хийгээд л хусна. Чамайг тийм юм бичих хүн биш гэдгийг ойрынхон чинь мэдэж байгаа шдээ. Эх сурвалжаа дурдахгүй. #copy#гэнээ гээд л болоо.
Тийм сүрхий юм бол чи өөрөө үлгэрлэ. Тийм мундаг юм бол тэрнийгээ харуул. Алаад өгнөө л гээд байдаг. Хэн ч сайхан ярьж чадна. Ярьснаа хийдэг байх хэрэгтэй. Амьдралдаа ямар ч тэмцэлгүй, биеэ нөөсөн залуучууд их болж. Нэг л их гаражид бизнесээ эхлээд л саятан болохыг мөрөөдсөн улс. Залхуурлаа дийлэхгүй хүн яаж баяжих билээ? Ажил хийгээч. Ажил олдохгүй байна гэж битгий ш**гаарай. Ажил олгогч захирлуудын хамгийн хэцүү асуудал хүний нөөц. Ажилд авъя гээд зар тавиад ажил хийх хүн олдохоо байлаа. Өдөрт нь мөнгөө авъя ч гэх шиг. Мөнгө хэрэг болонгуут ганц хоёр өдөр хийчихээд цалингаа аваад таг. Хэрээ мэдэхгүй байж цалин голноо бас. Хүн ер нь айдастайгаа, залхууралтайгаа тэмцэж давж байж л өөдөлдөг. Залхуурах тусам нь хүнд хүчир ажилд ор. Орлого муутай байж мөнгө төлж фитнест явж байхын оронд биеийн хүчний ажил хийгээч. Үнэгүй тэр бүү хэл цалинтай фитнес юм биш үү? Оюутнууд мөнгө нэхэж жагсаж байхаар вагон буулга. 60.000. Бусдад гоё харагдах гэсэн наад оролдлого чинь өөрт чинь түвэгтэй юм биш үү? Худалч хүн үргэлж урд нь юу хэлснээ санах гэж тэвддэг шиг. Та нар тэр Лейди Гагаг хар лдаа. Сэтгэл гутралаа, өөрийгөө нууцалсан маскаа тайлаад будгаа арилгаад өөрийхөөрөө кинонд тоглоод Оскар авчихсан. Заавал мундаг болж эсвэл хөөрхөн болж харагдах гээд хэрэггүй. Зоос хоёр талтай байдаг шиг хүн бүрт авах гээх юм бий. Ер нь төгс юм байхгүй шдээ. Алдахаас айх хэрэггүй харин алдаа дутагдлаа сонсож сураарай. За тэгээд сайн бодоорой. Энэ зөвхөн миний бодол. Хэрэв чи тийм биш бол сайн л биз. Битгий өөрийгөө өмөөрөөд доор талцаад хэрүүл хийгээд байгаарай. Баян аав ядуу аав , Энэ номыг уншаагүй яваа юм биш биз? Уншсан бол одоо хүүхдүүддээ төрсөн өдрөөр нь авч өгөөрэй. Хүмүүсийн маьдралыг өөрчилдөг ном шүү. Миний амьдрал их хэрэг болсон. Эртхэн уншиж байхгүй яав даа гэж бодсонв Учир нь миний гаргасан алдааг урдчилаад хэлчихсэн байсан юм. Мэдээж чи Порше худалдаж авч болно. Харин эхлээд Порше авах орлогын эх үүсвэртэй бол. гэж энэ номонд бичсэн байдаг. Энэ бол миний алдаа байсан юм. Би 1995 онд анх удаа машин авахдаа гялгар ууттай шинэ машин авна гэж бодсоор цуглуулсан бүх мөнгөөрөө ЛАДА 07 авч билээ. Надад яагаад ч юм шинэ машинтай болчихвол бүх юм гоё болох юм шиг санагддаг байсан. Гэтэл ээж сүү өргөж мялаасан бусдаар амьдрал хэвээрээ юу ч өөрчлөгдөөгүй. Тэгээд дараа нь хуримтлал үүсгэх гэж бүтэн 3 жил хүнээс 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэндээ. Тэр үед би Ладаныхаа тал үнээр нь хуучин бенз аваад үлдсэнийг нь өсгөх ёстой байсан юм. Миний алдааг битгий давтаарай. Зээлээр авсан 200 чинь яахав хүнд баян чинээлэг хүн шиг гоё л харагдах байх гэхдээ чамд ашиг авчрахгүй үхмэл хөрөнгө, дан зардал. Тэрний оронд тэр мөнгөөрөө ачааны машин аваад нүүрс зөөвөл тэр чинь ашиг өгдөг ассет. Тэр ашгаараа дараа нь чи хэдэн ч 200 авна. Ядаж хүүхэд чинь эмээ өвөө шигээ төрөөс халамж тэтгэврийн мөнгө горьдож амьдрахгүй болно. Тэр ганц удаа амьдарна гээд байдаг хүмүүст хэлэхэд чи ганц удаа л тансаглана тэгээд л юу ч үгүй үлдэнэ. Тэрний оронд хуримтлал үүсгээд орлогын найдвартай эх үүсвэртэй болсон цагтаа хүссэнээ аваарай.

Гамбаа Ах

error: Content is protected !!