А.Адьяасүрэн: Xэлбэpээc aгуулгад анxaapч, xэтэpхий иx цaг завaa хэpэгтэй зүйлд зapцyyлнa yy



2021 оны төрийн мөнгөний бодлогын төслийн талаар УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг чуулганы хуралдаанд би уншиж танилцууллаа. Үүнийг бэлтгэхэд УИХ-ын гишүүн биднээс гадна бүлгийн зөвлөх, туслах гээд олон хүний хөдөлмөр орсон. Монгол улс Олон улсын санхүүгийн байгууллагуудын хар, саарал жагсаалтад бичигдсэн алдаа, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтын шалтгаан зэрэг олон чухал асуудлуудын гарц шийдлийг тусгасан байлаа. Миний илтгэснээр УИХ-ын гишүүдийн анхааралд хүрэх учраас хэтэрхий их хичээж, сандарсандаа хэд хэдэн үгийн дуудлага дээр алдсан, эвгүй хэлсэн нь үнэн. Энэ нь намайг гутаан доромжилж, харлуулах гэсэн улс төрийн зорилготой хэсэг бүлэгт ээлжит ӨГӨӨШ болсон нь мэдээж.

Миний алдаатай хэлсэн үг болгоныг цуглуулж аялга нэмж, эвлүүлэнгүүтээ юу ярьсныг нь ойлгосонгүй гээд сошиалаар цацаж, түүнийг нь манайхан инээд наргиан болгон улам дэвэргэх юм. Угаасаа энд тэндээс цуглуулсан ЭВЛҮҮЛЭГ-ийн хэсгээс юу ойлгох вэ дээ. Үнэхээр энэ асуудлыг ойлгоё гэвэл ЭВЛҮҮЛЭГ үзэж биш танилцуулга бүрэн эхээр нь уншиж, сонсож байж ойлгоно л доо. Ядаж л Нэг ам.доллар 29 боодол нэгтийн төгрөгтэй тэнцэх хэмжээнд ирлээ. Монгол Улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн дөрөвхөн жилийн хугацаанд 42 % -аар үнэгүйдэж, суларчээ. Дэлхий улс орнуудаас ханшаа ингэж алдсан улсыг та хайгаад олохгүй гэж хэлсэн үгийн маань утга агуулгыг нэг тунгаагаад үзээрэй.

Гадаад өр, зээл, төгрөгийн ханшийн уналтаас болж Монгол улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахад хүрээд байгааг анхааруулья. Үгийн алдаа цуглуулж ЭВЛҮҮЛЭГ хийж суудаг нөхөд наад цаг зав, чадвараа хэрэгтэй зүйлд нь зарцуулаач. Миний яриаг эвлүүлж суухаар наад танилцуулгандаа дурдагдсан тоо баримт, харьцууалт, дүгнэлтийг эвлүүлж, графикжуулаад олон нийтэд ойлгомжтойгоор хүргээд өгөөч гэж хичээнгүйлэн хүсэх байна. Улс орны хөгжил дэвшил гэдэг хүн нэг бүрийн ХӨДӨЛМӨР, ЗҮТГЭЛ-ээс хамаарна гэж боддогоо энэ дашрамд дуулгачихья. Баярлалаа!!!
Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн Амгалангийн Адьяасүрэн 2020.10.30

error: Content is protected !!