Ч.Уртнасан: Cyyлгaж, бөөлжиж байгаа xaниaдад aнтибиoтик хэрэглэж болохгүй


ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасанаас томуугийн вирусийн гаралтай xаниадны талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Гадуур вирусийн гаралтай ханиад ихсэж байна. Тэгэхээр өвчлөлийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн дөрвөн хувийг эзэлж байна. 10000 хүн ам тутмын 26 нь томуугаар өвчилж байна гэсэн үг. Өмнө жилийн мөн үетэй харьцуулахад энэ тоо бага зэргийн өссөн үзүүлэлттэй байна. Яг одоогоор томуугийн вирус эргэлтэд орж ирээгүй байна. Томуу, томуу төст өвчнийг үүсгэдэг бусад вирусүүд дэгдсэн байдалтай байна. Тухайлбал риновирус, энтеровирус, поковирус, аденовирус болон короновирус эргэлтэд орж ирсэн байна.

-Эдгээр вирус нь хүний биед ямар шинж тэмдэг үүсгэдэг вэ?

-Нийт өвчлөлийн 85 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүнээс 70 орчим хувь нь 9 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Эдгээр томуугийн вирусүүд нь бага насны хүүхдүүдэд өвчлөл үүсгэдэг. Шинж тэмдгийн хувьд риновирус нь ханиалгах, халуурах, нус гарах зэрэг шинж тэмдэг өгнө. Харин энтеровирус нь амьсгалын замын шинж тэмдэг илрэхээс гадна хоол боловсруулах эрхтний хямрал буюу суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг өгдөг.

-Томуугийн гаралтай вирусээр өвчилсөн бол ямар хугацаанд эмчлэгдэж байна вэ. Мөн эмчлэхгүй удаан явснаар хүндрэл нь ямар байдлаар илрэх вэ?

-Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчийн зааврын дагаа эмчилгээ хийлгэх ёстой. Насанд хүрэгчид нь хүүхэдтэй харьцуулахад дархлааны систем нь өндөр, өөрсдийгөө хамгаалах чадвартай учир дархлааны байдлаасаа хамаараад эмчилгээ хийхгүйгээр өөрөө эдгэрэх боломжтой. Бага насны хүүхдүүдэд өвчилбөл заавал эмчийн заавраар эмчилгээ хийх ёстой. Дур мэдэж эмчилгээ хийлгэж болохгүй, хэрвээ дур мэдэж эмчилгээ хийлгэснээр ханиад улам хүндрэх магадлалтай. Иргэд маань дур мэдэж антибиотик хэрэглэдэг. Антибиотик нь вирусийн эсрэг үйлчилгээгүй, харин нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас вирусээр өвчилж байгаа халдварын хувьд ямар ч үр дүнгүй. Харин ч эсрэгээрээ хордлогыг нэмэгдүүлэн хүндрэх эрсдэлийг бий болгож байдаг учир заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх ёстой.

Ханиадны шинж тэмдэг дөнгөж илэрсэн үед халуун бүлээн зүйл уух, дархлаагаа дэмжих, амрах зэрэг арга хэмжээнүүдийг авч чадвал насанд хүрэгчид маань хөнгөн хэлбэрээр өвдөнө. Гэхдээ тухайн хүний дархлааны онцлогоос хамаарч янз бүр явагддаг yчир томуугийн шинж илэрсэн тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах шаардлагатай.

-Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд түлхүү өвдөж байгаа гэлээ. Дүүргүүдийн эмнэлгийн орны хүрэлцээ ямар байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар дүүргүүдийн орны ачаалал эхлээгүй, хэвийн байдалтай байна. Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн 80-90 хувь нь бөөлжих, суулгах гэсэн шинж тэмдэгтэй ирж байгаа нь гадуур энтеровирусийн халдвар их байгааг харуулж байна. Мөн суулгалт халдварыг үүсгэдэг ротовирусийн халдвар байна. Энэхүү вирус нь хүйтэн сэрүүний улиралд идэвхиждэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 50-60 хувь нь ходоод гэдэсний хямрал буюу бөөлжиж суулгах шинж тэмдэгтэй хүүхдүүд байна. Ялангуяа 5-с доош насны цэцэрлэгийн хүүхдүүд илүү өвчилж байна.

-Томуугийн эсрэг вакцинжуулалт хийгдэж байгаа. Хэр их хүн хамрагдаж байгаа вэ?

-Аравдугаар сарын 1-нээс  вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай явагдаж байна. Нийслэлийн хувьд хууч өвчтэй 65-с дээш насныхан, гэрээр байгаа 5 хүртэлх насны хүүхдүүд, сургуулийн 1-3 дугаар ангийн хүүхдүүдэд вакцинжуулалтыг хийсэн байгаа. Аймгийн төв дээр 2 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулсан байгаа.

-Энэ жилийн хувьд томуугийн ханиад нь коронавирустай хамт орж ирэх магадлал өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байгаа. ХӨСҮТ-ийн хувьд бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?

-Жил бүр томуугийн вирусийг угтан бэлтгэл ажлыг ханган ажилладаг. Энэ жилийн хувьд бусад жилүүдээс илүү бэлтгэл байдлыг хангасан байгаа. Улирлын томуугийн дэгдэлтээс гадна коронавирусийн халдвар орж ирэхийг үгүйсгэхгүй. Одоогоор манай улс дотооддоо халдвар тархаагүй цөөн улсын нэг байгаа. Хэрвээ дотоодод халдвар тархаад ирэхэд эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэд дахин нэмэгдэх учраас тэр бүгдийг урьдчилан тооцоолж бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.

-Коронавирусийн батлагдсан тохиолдлууд өдөр бүр нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед иргэд амны хаалтаа зүүхээ больж их назгай байдалд орсон байна. Иймд иргэдэд анхааруулж зөвлөгөө өгнө үү?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр хөл хорио тогтоож иргэдийг маск зүүж, гарын ариун цэврийг сайтар сахих, хоорондын зай барих, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх гэсэн цогц арга хэмжээг авсан. Энэ үед бид богино хугацаанд томуугийн дэгдэлтийг оргил үеэс нь 5 дахин бууруулж чадсан. Тэгэхээр энэхүү арга маань энгийн бөгөөд томуугийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Иймд иргэд маскаа зүүж, гараа угааж, өвдсөн бол өөрийгөө тусгаарлан, шаардлагагүй бол олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байх нь томуугийн халдвар болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадна.

itoim.mn

error: Content is protected !!