Vocie-ын Г.Дөлгөөн өөрийн хүссэн төрхөөсөө болж их гоочлуулдаг байжээ


Монголын хамгийн олон үзэгчидтэй Voice mongolia-н шилдэг оролцогч Г.Дөлгөөнийг залуус ихээхэн дэмжиж байсан. Харин тэрбээр шилдгийг шалгаруулах эцсийн шатанд багтаагүй юм. Тайзан дээр бусдаасаа ялгарч чадаж байсан түүнийг гаднах төрхөндөө өөрчлөлт оруулахад ихэд шүүмжилдэг байжээ.

Жаахан байхаасаа л халимаг үстэй байх ямар бол гэж боддог, P!nk-г бүр шүтдэг байлаа. Цаанаасаа нэг л эрх чөлөөтэй, хүчтэй харагддаг байсан болохоор тэр байх. Тэгээд нэг өглөө хичээлдээ явах гэж гараад шууд үсчин ороод үсээ бүр богинохон болтол нь тайраад гурван талаа хусуулчихсан. Эхэндээ өөртөө ч итгэдэггүй байлаа.

Гэвч итгэхэд хамгийн хэцүү байсан зүйл нь хүмүүс миний шинэ төрхнөөс болоод намайг гоочилж байсан явдал. Нүүрээ будалгүй, жаахан сул хувцас өмсчихөөр л Энэ одоо эр юм уу, эм юм уу? Ижил хүйстэн юм байна л даа гэж албаар чихэнд сонсогдтол чанга хэлнэ, жаахан тод будчихаар багш нар хүртэл ад үзээд Одоогийн залуус ийм хачин болчихсон. Чамайг яахав хичээл дээр чинь би унагаад өгөмз гэж хэлж байсан удаа ч бий.

Бүр автобусны урд талын хаалгыг жолоочоор нь онгойлгуулаад зүгээр замын хажуугаар алхаж явсан над руу хүн орилж байсан, инээдтэй байгаа биз? Гэхдээ би энэ төрхөндөө дуртай, тийм зоримог алхам хийсэндээ ч баяралдаг. Зүгээр л бусад хүмүүстэй адилхан хувцас өмсөж, нүүрээ будаж, үсээ янзлахгүй байгаагаасаа болоод бусдад хараалгуулах нь зүгээр гэж огт бодохгүй байна.

Хүн бүр хүссэн гадаад төрхөө бүрдүүлж харин бусад хүмүүс түүнийг нь гаж, эсвэл хэт онцгой мэтээр хүлээж авахгүй байгаасай гэж хүсдэг учраас бага ч болов хичээж байгаа. Бид бүгд өөр, өөрийн гэсэн өнгөтэй түүгээрээ хорвоод солонго мэт алаглан оршдог. Би хар, чи цагаан харин тэд улаан байлаа гээд хэн нэг нь буруу гэсэн үг биш бид бүгд хоорондоо өөр шүү дээ хэмээн Г.Дөлгөөн өөрийнхөө талаар хуучлав.

error: Content is protected !!