Тэгж наргихгүй ээ!


Хүүе ээ, дэлгүүр хоршоо хоосолж, ачигч, зөөгч, худалдагчдын ажил хүндрүүлэхгүй шүү. Хэзээ байхдаа монгол хүн тэгтлээ их хэрэглээтэй болчихсон юм. Өнгөрсөн хавар өнгөтэйг зөөж, өөдтэйг хамж, хулгана шиг хөеөлсөөр байгаад хаалгаараа багтахгүй бүдүүн гахайнууд болсноо мартаа юу? Анзаараад байхаар бөөндөж авдаг бүх юм нь дархлаа дарангуйлж, давсаг чинэрүүлж, бие хөөлгөж, бэтгэ томруулдаг элсэн чихэр, гурил…хүн төрөлхтөн цаашдаа ковидтой амьдарна гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Би бол ингэж бодож, эвлэрч, зохицож, за бүр цочрохоо больсон.

Ганцаараа суугаад бодож ч үзсэн. Жорлонгийн цаасанд ч гүйхгүй. Яршиг зүгээр. Одоо байгаагаа хэрэглээд дуусчихвал гэрээ ухна. Хуучин муу даавуу, багадсан томдсон өмсдөггүй хувцсаа нэгэн жигд хайчлаад тавиур дээрээ уутлаад тавьчихна. Яадгийн. Цоорхой оймс байсан ч угаагаад хэрэглэхэд ер нь яав л гэж. Шоолж л байхгүй юу. Би л лав гарч ганц кг гурил, ганц боодол цаас, ганц ширхэг талх авахгүй. Эрх биш айл болгон амны хаалт, ариутгалын саван бодистой найзалж сурсан биз дээ. Долоо хоногийн хүнс дуусах үед тэртэй тэргүй энэ бүхэн эрэмбэндээ орж, эхлэл дээрээ очно. Хураасан хадгалснаа хаачуулахаа мэдэхгүй барьж тавьж байх хооронд чинь би гараад шинэхэн талх, шинэхэн цөцгий авах юм чинь. Одоо ер нь ингэж цочиж үймэхээ больцгоовол яасан юм бэ. Эрт, орой алин боловч бид ковидтой гудамжинд хөл тавих нь тодорхой. Хэрхэн зохицож амьдрах гэр бүлийн, хувийн төлөвлөгөө энэ тэртэй болцгоо л доо. Дархлаагаа сайжруул, хоол хүнсээ бага хэрнээ чанартай болго, өлсөөд үхдэггүй, өөд уруугүй өлөнтөж чихээд өвчилдөг болсон цаг шүү. Гай л байна. Газар нутаг байхад гараад давхина, алхана. Арвайн гурил шар тосоор арав хоног байтугай арван зуун амьдарсан за. Өө тэгээд борцтой аяга шөлөөр бор ходоодоо божийлгоод, болсон болоогүй дайн тулаанд мордоод, дэлхийг дэнжигнүүлээд ирээ л биз дээ, энүүхэн ковидод үхлээ юү, үгүй шүү. Шоргоолж шиг сандарч бужигнах тусмаа шороон түмээр нь цацна шүү.

Тэр UB паласт үзвэр үзсэн хүмүүс, Тэс петролиумаар үйлчлүүлэгчид гэртээ үлдээд, биеэ чагнаад, боломгүй бол шинжилгээгээ өгөөд тайван бай л даа. Байлдаанд орох гэж байгаа юм шиг битгий бужигнаад бай. Тэгж наргихгүй, тээглэж унахгүй ээ, зүгээр.

Р.Эмүжин

error: Content is protected !!