Он дуусахаас өмнө өөртөө зориулж хийх ажлаа карантины үеэр амжуулаарай


Хаяанд ирчихээд байгаа 2021 он гарахаас өмнө доор дурдсан 4 зүйлийг карантинд байх хугацаандаа амжуулаарай. Уншиж хараахан дуусгаагүй байгаа номуудаа дуусгах – Яг одоо бичгийн ширээн дээр минь уншиж дуусгаагүй 4 ном өрөөстэй байна. Цайны цагаар, унтахын өмнө, илүүдэл цагуудаар гээд 4 өөр цагт номыг гаргаж тавьсан минь энэ л дээ.

Урьд нь нэг номоо заавал дуусгаж байж дараагийнхийг эхлүүлнэ гэсэн зарчимтай байсан бол одоо цагийнхаа зав чөлөөнд тохируулаад уян хатан болгож өглөө бизнесийн, хүлээлгийн цагаар хувь хүний хөгжлийн, оройн цагаар уран зохиолын гэх мэтээр ялгаж зэрэг унших дадлыг хэрэгжүүлэх гээд хичээж байгаа. Номууд маань дөнгөж л дундаа орж байгаа учраас он дуусахаас өмнө заавал дуусгана гэж өөртөө амлаж номын өрөө дарахаар шийдлээ. Эхэлсэн зүйлээ дуусгаж чадаагүй үед төрдөг тухгүй мэдрэмж сэтгэлд ном уншихад хүртэл төрөөд болдоггүй шүү. Чамд ч гэсэн ийм мэдрэмж төрдөг бол дундаас нь орхисон номуудаа дуусгаж санаагаа амраагаад, шинэ оноо шинэ номуудтай угтаарай.

Хэн нэгэнд сэтгэлээ илэрхийлэх – Чин сэтгэлийн уучлалт гуйх, талархсан сэтгэлээ илэрхийлэх, хайртайгаа хэлэх зэрэг хэлэхгүй л бол болохгүй байгаа чин сэтгэлийн үгсээ ил гаргаж уудлаарай. Би яг одоо 12 жил найзалсан, миний амьдралын ийм урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн найздаа талархлын шуудан бичихээр сууж байна. Ажлаа эрт тараад ээж дээрээ очиж, хайртайгаа илэрхийлэн оройн нандин зоог барихаар төлөвлөж байна.

Зүрхэнд минь дурлалын гэрлийг асааж хайр гэдгийг мэдрүүлдэг найз залуугийнхаа сэтгэлийг бухимдлын, зэмлэлийн үгээр шархлуулсандаа гэмшин уучлалт гуйж харилцаагаа аврахаар ажил руу нь явах гэж байна. Эдгээрийг л чин сэтгэлээсээ хийчихвэл сэтгэл минь хөнгөрч, бодит харилцаанууд маань одоо байгаагаасаа хэд дахин сайжрах гээд байх шиг. Шинэ он гарахаас өмнө сэтгэлдээ байгаа мэдрэмжүүдийг ил гаргаж, сэтгэлийн өрөө тэглээрэй.

error: Content is protected !!