Х.Цэндсүрэн: Хоёр хүртэлх насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээ огт байх ёсгүй


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн тасгийн эмч Х.ЦЭНДСҮРЭНТЭЙ гар утасны зүй зохистой хэрэглээний талаар ярилцлаа.

-Хүүхэд, өсвөр үеийн клиникийн тасагт одоогийн байдлаар нийт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ? -Өнөөдрийн байдлаар 22 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

-Техник технологи хөгжихийн хэрээр дэлгэцийн донтолтод өртөх хүүхдийн тоо өдрөөс өдөрт олширч байна. Насны хувьд хэдээс хэдэн наснынхан энэ төрлийн донтолтод өртдөг вэ?  -Харилцан адилгүй байдаг. 02-17 насны хүүхдүүд эмчилгээ хийлгэж байна. Тухайн хүүхдүүд бага байх тусмаа дэлгэцэнд донтох, хэрэглээ их байх эрсдэл өндөр. Бага насны хүүхдүүд тод өнгө буюу гялгар, гялтагнасан зүйлд татагддаг учраас контент үзэж, дэлгэцийн донтолтод өртөж байна. Дэлгэцийн донтолт нь тархинд явж байгаа топоми хэмжээтэй холбоотой. Топомогийн хэмжээ ихэссэн нь өөрт нь сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Өмнөх жилүүдэд өсвөр насны хүүхдүүд ирдэг байсан. Харин энэ жил бага ангийн сурагчид, цэцэрлэгиийн насны хүүхдүүд ирэх нь эрс ихэссэн.  Хүүхэд маань гэртээ байхдаа үргэлж утсаараа оролдож, компьютер тоглоод байна гээд дагуулаад ирнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утас болон компьтерийн хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байна.   

-Хүүхдээ утсаар тоглуулах нь энгийн үзэгдэл мэт болсон нь анзаарагддаг. Миний хүүхэд сэтгэхүй сайтай учраас утасны бүхий л тохиргоо, функцыг цээжилж байна гэдэг. Энэ их өрөөсгөл ойлголт санагддаг. Таны бодлоор? -Бага насны хүүхдүүд утасны функцийг мэдэж байгаа нь танин мэдэхүйн чадвар өндөр байгааг илэрхийлж байгаа юм биш. Харин тухайн хүүхдийн хийж дадсан үйлдэл.  

-Дэлгэцэнд донтолт насны хувьд улам залуужсан гэж ярьж байна. Бага насны хүүхэд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн урд өнгөрүүлэх нь зохистой вэ? -Хоёр хүртэлх насны хүүхдийг ямар нэгэн байдлаар дэлгэцийн хэрэглээнд бүү оролцуул гэдэг зөвлөмж гарсан. Гэтэл бага насны хүүхдэдээ бид сатааруулж юм уу уйлахыг нь болиулахын тулд гар утас, компьютер үзүүлээд байдаг шүү дээ. Хоёроос доош насны хүүхдүүдэд ямар нэгэн дэлгэцийн хэрэглээ огт байх ёсгүй. 02-6 насны хүүхдэд танин мэдэхүйн боловсрол олгох журмаар хоногт буюу 24 цагт 30 минутаас 1 цаг хүртэлх хэрэглээ байж болно. Гэхдээ энэ нь 30 минут телевизор үзээд 15 минут засварлах ёстой байдаг. 6-12 насныхан нэг цаг харин 12 дээш настай бол 2:30 минут үзэх нормтой. Заасан хугацааг нарийн баримталснаар сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийг нь хамгаалах боломжтой. 

-Цахим тоглоомонд хүүхдүүд донтох нь ихэслээ. Тухайлбал pubg-д хүүхэд төдийгүй томчууд донтоод байх шиг. Энэ төрлийн эмгэг бүрэн эмчлэгддэг үү?  -Тоглоомонд донтох нь тухайн хүүхдийн нийгэм болон сэтгэлзүйн хэрэгцээ хангагдахгүй байгаа учраас олон дахин тоглож, таашаал мэдрэмж авснаар донтож эхэлдэг. Энэ төрлийн эмгэгтэй хүнд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрсэн хүүхдүүд бий. Өвчтөнөөс өөрөөс нь шалтгаална. 

-Фэйсбүүк, инстаграмм, твиттер хүн бүхний салшгүй хэрэглээ болж. Өдөрт хоёр цагаас их хугацааг утсандаа зарцуулж байвал донтолт гэж ойлгож болох уу? -Фэйсбүүк, инстаграмм, твиттер нь хүний хэрэгцээ. Цахим хэрэглээ тухайн хүнийхээ хэрэгцээг хангах ёстой байдаг. Хэрэгцээгээ хангахаас илүүтэй олон цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх нь донтолт үүсэх эрсдэл эхэлж байна гэсэн үг. Насанд хүрсэн хүний дэлгэцийн хэрэглээ өдөрт хоёр цаг л байх ёстой. 

-Цахим ертөнцөд хэт донтох нь тухайн хүний бие болоод сэтгэл зүйд ямар хор уршигтай вэ?  -Хэтрүүлэн хэрэглэснээс болж бие махбодь болон сэтгэцэд өөрчлөлт орж эхэлнэ. Бага насны хүүхдэд нэг шинж тэмдэг давамгайлсан сэтгэцийн өөрчлөлт гарч эхэлдэг.    Тухайлбал цэцэрлэгийн насны хүүхдүүд нүдээ анивчих, хоолойгоо ойр ойрхон засах, гудчиж дуугарах, нүүрээ хавчих, булчин татганах эмгэгээр илэрч болно. Мөн нойрондоо муудах, орондоо шээх эмгэгтэй болж болно. Үзэж харж буй контентын агуулга нь хүчирхийлэл агуулсан бол хүүхэд айдастай болох, хар дарах, зүүдэндээ явах, ярих гэх мэтээр хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт ордог. Тиймээс бага насны хүүхдэд түлхүү гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сургуулийн болон өсвөр насны хүүхдүүдэд үүнээс өөр шинж тэмдэг илэрнэ.  Булчин татганах, орондоо шээдэггүй байсан хүүхэд дэлгэцийн хэт хэрэглээнээс болоод орондоо шээдэг болох, нойрны өөрчлөлтөд орох, архаг ядаргаа болох гэх мэт сэтгэцийн өөрчлөлтүүдээс гадна бие махбодын өөрчлөлтүүд гарч байдаг. Жишээ нь бодисын солилцооны өөрчлөлтөд орох, дархлаа сулрах, халдварт өвчинд өртөмтгий болох гэх шинжүүд гардаг. Мөн хоолны дуршил буурч болно. Байнгын дэлгэцийн хэрэглээтэй байхаар бодисын солилцоо удааширч, хоолны дуршилгүй болно. Тиймээс аажимдаа биеийн өсөлт буурах, удаашрах магадлалтай болдог. Өсвөр насны хүүхдүүдийн тухайд сэтгэл хөдлөл давамгайлсан зан төлөвийн өөрчлөлтүүд түгээмэл тохиолдож эхэлнэ. Хүүхдүүд их уур уцаартай, цочимтгой болох, дэлгэцээс холдуулахад уурлаж уцаарлан, сэтгэлээр унах шинж тэмдгүүд илрэх нь бий. Тэгэхээр нас насанд нь илрэх шинж тэмдгүүд өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Сэтгэцэд шинж тэмдэг нөлөөлөөд эхэлнэ гэдэг маань өөрөө ноцтой асуудал юм. 

-Эцэг эх, үр хүүхдийн амьд харилцаа устаж үгүй болсон юм шиг санагддаг. Хүүхдэдээ анхаарал тавьж, хамт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, ярилцдаг эцэг эхчүүд ховордож. Хүүхэд хараас хяналтгүй байдлаас шалтгаалж, гэмт хэргийн золиос болох магадлал их байдаг? -Эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавих шаардлагатай. Аль болох бага хэрэглүүлэх талаар ойлгуулах хэрэгтэй. Өөрт хэрэгцээтэй үнэн бодит мэдээ, мэдээллийг холбогдох эх сурвалжаас нь авах нь чухал. Ингэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Ихэвчлэн хүүхдээ саатуулах байдлаар, хоолыг нь идүүлэх, уйлахыг нь болиулах зэргээр таблет, утас ашиглах нь буруу. Тухайн үед нь асуудлыг шийдэж байгаа мэт боловч дараагийн үед дахин давтагдах буюу утас өгнө гэсэн байдлаар хандах буруу ойлголтыг төрүүлдэг. 

-Охид байнга селфидсээр байгаад энэ төрлийн өвчний эмгэгтэй болдог гэсэн. Энэ талаар? -Цахим хэрэглээний тухай зөв мэдээлэл өгөөгүйн улмаас фэйсбүүк, инстаграмм хуудсаар танихгүй хүмүүстэй холбогдож гэмт хэрэгт холбогддог. Түүнээсээ шалтгаалж өөрсдөө хохирох тохиолдол маш их гардаг. Цахим донтолт нь бие махбодь, сэтгэлзүйн хувьд хараат байдал үүсгэдэг. Цацраг туяа нь утас, таблет, компьютер зэргээс ялгардаг. Энэ нь нүдний холын хараанд нөлөөлдөг. Сэтгэлзүйн хувьд хараат байдал бий болгож, түүнийг хэрэглэхгүй бол уур бухимдал үүсгэх зэргээр хариу урвал гаргаж эхэлдэг. 

-Манай улс СОVID 19- ийг дотроо алдчихлаа. Иргэдэд дор бүрнээ хариуцлагатай байж, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Эмч хүний хувьд энэ хэцүү цаг үед үр хүүхдэдээ хэрхэн анхаарал тавих талаар зөвлөгөө өгнө үү?  – СОVID– 1 9 –т э й холбоотойгоор Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас бодит мэдээллийг авч байх ёстой. Хамгийн гол нь, сэтгэлзүйгээ тайван байлгах нь дархлаа унахаас сэргийлнэ. Хүүхдүүдийн хувьд хөл хориотой, гэртээ байгаа учраас теле хичээлтэй холбогдуулж өдөртөө хоёр цагийн телевизор үзэхэд зарцуулж байна. Бусад үед нь гэрийн нөхцөлд өөрт тохирсон ажлыг хийх шаардлагатай. Бага насны хүүхдүүдийг тоглох хэрэгцээг нь хангаж өгөх нь эцэг, эхийн үүрэг. Үүнд эцэг, эхчүүд өөрсдөө хараа хяналтаg сайн тавих ёстой. 

C.ИчинхорлооЭх сурвалж: “Монголын үнэн” сонин

error: Content is protected !!