Moderna компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ


АНУ-ын Moderna биотехнологийн компанийн гарган авсан вакцин коронавирусний эсрэг 94.5 хувийн үр дүн үзүүллээ. АНУ-д хоёр дахь вакцин ийнхүү өндөр үр дүн үзүүлж буй нь энэ юм. Pfizer компани вакцин нь 90 гаруй хувийн үр дүн үзүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Хэдийгээр эдгээр хоёр вакцины аюулгүй, үр дүнтэй байдлын үзүүлэлт маш төстэй байгаа ч Moderna компанийнх ийнхүү давжээ. Pfizer, Moderna компанийн аль аль нь вакцинаа гарган авахдаа хамгийн шинэлэг, туршилтын аргыг ашигласан байна. Moderna ирэх хэдэн долоо хоногт вакциныхаа зөвшөөрлийг авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Moderna-гийн туршилтад 30 мянган хүн оролцсоноос 15 мянган хүнд плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тарьсан байна. Хэдэн сарын дараах байдлаар тэдний 90-д COVID-19 халдварын шинж тэмдэг илэрч, 11-ийнх нь биеийн байдал хүндэрчээ. Харин үлдсэн 15 мянган хүнд вакцин хийхэд тавд нь халдварын шинж тэмдэг илэрч, хэн нь ч хүндээр өвчлөөгүй байна. Moderna компанийн мэдээлснээр, вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой зовуурь илрээгүй бөгөөд багахан хувьд нь чичрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ. Тус компани вакциныхаа зөвшөөрлийн хүсэлтийг энэ сарын сүүлээр АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газарт гаргахаар төлөвлөжээ. 

АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи эхний вакцинжуулалтыг 12 дугаар сарын сүүлээс эхэлж магадгүй хэмээн таамаглажээ. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүст вакцин хийх юм. Миний бодлоор ирэх оны дөрөвдүгээр сарын сүүлээс бүх иргэнийг вакцинжуулалтад хамруулж эхэлнэ гэж Э.Фаучи хэлжээ.  

Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг

error: Content is protected !!